Хятадад хүүхдүүдийг хөлсөлж, өдөрт 19 цагаар албадан ажиллуулж байсан хувцасны үйлдвэрийн эздийг баривчилжээ.
Хэвлэлд бичиж буйгаар, Чаншу хот дахь тус үйлдвэр 13 настай хүүхдүүдийг авчирч бохир, харанхуй байранд албадан хөдөлмөр хийлгэдэг байсан аж. Хуурамч дүрээр тэнд ажиллаж байсан нэгэн сэтгүүлч уг үйлдвэрийн талаар зургаан минутын бичлэг хийж Хятадын Pear Video сайтад тавьснаар цагдаа нарын анхааралд өртсөн байна. Чаншу дахь хувцасны нууц үйлдвэрт ядуурлын түвшин өндөр байдаг Хятадын өмнөд хэсгийн хөдөө нуггийнхан голдуу ажилладаг. Ажил өглөө 07:30-д эхэлдэг ба өдрийн хэтийдсэн их нормоо биелүүлэх гэж ийнхүү олон цагаар ажилладаг байжээ. Заримдаа тэдний ажлын цаг үүрээр дуусдаг байсан бололтой. Үйлдвэрийн эзэд ажилчдаа сард 28 хоног ажиллуулдаг байсныг тогтоогоод байна.
Харин эздийн нэг нь “Ажилчид сард 1000-3000 юанийн /145-435 доллар/ цалин авдаг. Хүүхдүүдийг албадан ажиллуулсан юм байхгүй, тэд сайн дураар ирж ажилладаг” хэмээн мэдүүлжээ. Цагдаа нар энэ мэдээллийг шалгаж байна. Гэвч ажилчин хүүхдүүдийн бичиг баримт, гар утсыг хураан авч, үйлдвэрээс гарах, зугтах боломжийг нь хаадаг байсныг сэтгүүлчид олж мэдсэн юм. Энэ хэрэг явдлын дараа Чаншу хотын захиргаа хувцас, оёдлын үйлдвэрүүдэд шалгалт явуулахаар болжээ.
Сэтгэгдэл (1)