АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр Дональд Трамп тодорсоны дараахан буюу өчигдөр хоёр их гүрэн түүний ялалтад баяр хүргэж утсаар ярьжээ. Тодруулбал, БНХАУ-ын дарга Си Зиньпин АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамптай өчигдөр утсаар ярьж баяр хүргэсэн байна.
Си Зиньпин АНУ, БНХАУ хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойшхи 37 жилд хоёр орны харилцаа тасралтгүй хөгжиж, дэлхийн болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшлийг ахиулсан.
Эдүгээ Хятад, Америкийн хамтын ажиллагаанд чухал боломж тохиож, асар их нөөц бий болоод байгаа гэдгийг онцолжээ. Тэд удахгүй уулзаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар болон хоёр талын харилцан сонирхож буй асуудлаар санал бодлоо солилцох хэрэгтэй гэдэгт санал нэгджээ.
Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамптай өчигдөр утсаар ярьж, тодорхой асуудлаар яриа өрнүүлсэн талаар Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Кремлийн хэвлэлийн албаны мэдээлснээр, ОХУ, АНУ-ын харилцаа өнөөдөр маш муу гэж үнэлэх хэмжээнд ирээд байгааг тэд хоёул хүлээн зөвшөөрч байсан гэнэ.
Тиймээс байдлыг сайжруулахын тулд хамгийн өргөн хүрээтэй асуудлаар нэгдсэн шийдэлд хүрэх, худалдаа эдийн засгийн харилцаагаа сэргээх суурь бүрдүүлэх зэрэг асуудлаар бодитой ажил хийхээ нэг, нэгэндээ амлажээ.
Тэд мөн “нийтийн дайсан” болсон олон улсын алан хядлагатай тэмцэх чиглэлд хүчээ нэгтгэнэ, үүний тулд Сирийн асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой гэдэг дээр санал нэгдсэн байна. Ер нь тэдний яриа маш нийцтэй, олон асуудалд санал нэгдэж байсныг Кремлийн хэвлэлийн алба онцолжээ.
Сэтгэгдэл (1)