Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Маршал Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлтээ хийнэ.
Тус үзэсгэлэнд Ю.Цэдэнбалд холбогдох 700 гаруй эд өлөг 1990 оны есдүгээр сард Улсын Прокурорын Ерөнхий газраас Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт шилжин ирж хадгалагдснаас 150 гаруйг нь түүвэрлэн хүргэх юм байна.
Мөн Монгол банкны Зах зээлийн газрын Эрдэнэсийн санд хадгалагдаж буй Ю.Цэдэнбалын БНМАУ-ын Улсын Баатарын “Алтан таван хошуу”, Хөдөлмөрийн Баатарын “Алтан соёмбо”, Маршал сэлэм зэрэг эд өлгийг анх удаа олонд дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Юмжаагийн Цэдэнбал нь 1940 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдон, 1940-1954, 1958-1984 онуудад эрх баригч намын даргаар ажилласан юм. Тэрбээр 1939-1940 онд Сангийн яамны сайд, Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны дарга, 1941-1945 онд Бүх цэргийн жанжны орлогч, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1952-1974 онд Ерөнхий сайд, Сайд нарын зөвлөлийн дарга, 1974-1984 онд Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан ХХ Зууны Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн билээ.
Түүний Монголын төрд гүйцэтгэсэн үүрэг, гавъяаг үнэлэн АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар 1961 оны 7 дугаар сарын 9-нд БНМАУ-ын Хөдөлмөрийн Баатар цол, 1966 оны 9 дүгээр сарын 16-нд БНМАУ-ын Улсын Баатар цол, улмаар 1979 оны 8 дугаар сарын 14-нд БНМАУ-ын Маршал цол олгожээ.
Тус үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн 10 дугаар сарын 15 хүртэл олонд нээлттэй байх ажээ.