Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас монгол хэл, соёлоо хадгалан хамгаалж, эх түүхээ бүрэн бүтэн болгох чиглэлээр цуврал олон төсөл хэрэгжүүлж байгаа билээ. Түүний нэг болох Монгол Ил хаадын судалгаа, Монгол Алтайн магтаал, Монгол цуурын аялгуу төслийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо.
Ёслолын ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нээн үг хэлж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын албаны зөвлөх Г.Баттогтох хөтлөн явуулсан юм.
Монгол Ил хаадын судалгааны талаар МУИС-ийн Түүхийн тэнхмийн багш доктор профессор Д.Баярсайхан танилцуулав. Тэрбээр "Хүлэгү хаанаас Абу Са’ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд" бүтээлдээ Ил хаадын товч намтар, орд, хатдын тухай, хуулиудын талаар хөндөн бичжээ. Доктор Д.Баярсайхан 2004 онд Иранд хээрийн судалгаагаар явж замын тэмдэглэл бичсэн байна. Эхлэлээ тавьж буй Их хаадын судалгааг цааш үргэлжлүүлэх залууст зориулж энэхүү тэмдэглэлээ “Ил хаадын судлал шинэ хандлага” бүтээлдээ оруулжээ.
Доктор Д.Баярсайхан докторын илтгэлд олон сонирхолтой баримт дурдагдаж байсан юм.
Тухайлбал, монголчууд Багдад хотыг эзлээд сүйрүүлсэн бус, харин ч жилийн дараа гэхэд өмнөхөөс нь улам сайхан болгож, ялангуяа номын сангуудыг асар их баяжуулсан талаар эх сурвалжуудад бичсэн байдаг аж. Монгол Ил хаад эрдэмтдэд элэгтэй, тэднийг тусгайлан тэтгэдэг тул эрдэмтэд ийнхүү номын сангуудыг баяжуулсан байна. Мөн Багдад нь Монгол Ил хаадын өвөлжөө байжээ.
Энэ 2 бүтээлээс гадны эл сэдвээр 60 минутын баримтат кино хийсэн байна. Бас Монголын соёлын нэгэн ундарга болох магтаал, туульсийн арвин их өв санг 8-9 үеэрээ түүчээлэн ирсэн А.Балдандорж, Б.Наранбат нар энэ их соёлын өвөөс танилцуулж цуурын эгшгээрээ оролцогчдын сонорыг мялаалаа.