Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүлийг С.Зоригийн хэрэгт яллагдагчаар татсантай холбогдуулан Ардчилсан хувьсгалын зүтгэлнүүд мэдээлэл хийлээ. Тодруулбал, СГЗ С.Амарсанаа, Төрийн соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам нарын тэргүүтэй хүмүүс дээрх асуудлаар байр, сууриа илэрхийлж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон хуулийн байгууллагад мэдэгдэл хүргүүлж буйгаа мэдэгдэв.
Энэ үеэр МУГЖ Д.Сосорбарам “Цагдаа нар улс төрчдийн гар хөлөөр ажилладаг нь олон үйл явдлаар тод харагдаж байна. Үүнийг болиулах хэрэгтэй. Коммунистууд төрийн толгойд гарахаар ийм зүйл хийдэг. Үүнийг таслан зогсоох цаг болсон. Бид хүний эрхийг дээдэлсэн нийгмийг байгуулж чадаагүй юм байна. Хүнд ёс бусаар халддаг. Хууль нь КГБ-ын аргаар байна. Гэмгүй хүнийг буруутгадаг. Ял тулгадаг. Үүнээс болж гэр бүлээрээ нэр хүнд нь хохирдог. 2000 оноос хойш хүний эрх бүрхэг болсон. Одооноос бугшмал зүйлээс ангижрах хувьсгал хийх цаг нь болжээ. С.Зоригийн аллагын цаана хамтран зүтгэж явсан нөхрийг нь гүтгэж хаячихаад буу шагайх гэж байна. Дуртай хүнээр буу шагайлгахгүй. Бид зүгээр суухгүй. Хатуу тэмцэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг асуудлаар монголчуудын эв нэгдлийг хангасан үйлдэл хийгээсэй гэж хүсч байна. Дөрвөн жилийн дотор Улаанбаатар гэрэлтэй гэгээтэй болсны төлөө Э.Бат-Үүлийг “шагнаж” байгаа нь энэ үү. Би дарангуйллын эсрэг байна. Ганцаараа ч тэмцэж чадна" гэлээ.
Мөн Ардчилсан холбооны гишүүн Х.Батчулуун “С.Зоригийн хэрэг Зоригийнх биш боллоо. Энэ хэргийг илрээсэй гэж бид 20 жил хүлээж байна. Энэ хэргээр улс төрийн хамгийн хар бараан зүйлийг хийдэг боллоо. Энэ хэргээр ард түмнийг мансууруулдаг болж. Бид нэг хөдөлбөл яг 90 оных шиг хөдөлнө. Нэгийг нь хутгалж алаад нөгөөх нь амьдаар нь сүг болгох гэж байгаа бол бид нарыг бүгдийг нь аваачиж хориорой. Э.Бат-Үүл бол хар багаасаа шударга үнэний төлөө тэмцэж ирсэн. Э.Бат-Үүлийг хулигаан байсан гэж ярьдаг. Хүн өмөөрөөд хүнд зодуулдаг хүн байсан. Тэр чанараа одоог хүртэл хадгалаад явж байгаа. Энэ хүртэл Э.Бат-Үүлийг дэндүү хэлмэгдүүлж, доромжилж, гүтгэж ирлээ. Энэ хэргийг илрүүлэх нь гол зорилго нь биш, улс төрийн гол тоглоом болчихлоо. Зоригоор хэнийг алах уу гэдэг нь чухал боллоо. Бид үүнийг тэвчиж чадахгүй. Учир нь бид С.Зоригийн найзууд. Бид Монголын төлөө хоорондоо хэрэлддэг байснаас хувийн ашиг сонирхол байгаагүй. Энэ хоёр хүн найзууд байсан. Энэ үлгэрт хэн ч итгэхгүй. Улс төрийн аллага хүн төрөлхтний түүхэнд байдаг юм байна лээ. Гадаадын улс орнуудад ийм хэрэг удаа дараа гарч байсан. Ийм арга зөвхөн коммунистууд, фашистуудад байдаг. Удирдагчдаа намнаж авдаг ийм хэргүүдийг би уншсан. Бидний найзыг яг ийм аргаар алсан. Эх орны түүхээс гэх юм бол Төмөр-Очир гуайнхтай яг ижил. Энэ бол улс төрийн аллага. Энэ хэргийн дараа маш олон хүмүүсийг хэрэгт татсан”гэв.
Тэд мөн "МАН дотор шударга үнэн зөв хүмүүс олон байгаа. Тэр хүмүүс үүнийг арай дэндсэн хэрэг болж байна гэж бидэнд хэлж байгаа. Бүгдээрээ хүний эрхийг уландаа гишгэсэн хууль бус гүжирдлэгийн төлөө тэмцэе" гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (32)