Монгол, Их Британийн армийн багууд оролцох поло спортын нөхөрсөг тэмцээн энэ сарын 17-нд болно. Тэмцээнд оролцох Их Британийн армийн баг өчигдөр Монгол Улсад ирсэн байна.
Их Британи улс Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон анхны барууны улс хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн байдаг бөгөөд хоёр улсын нөхөрсөг харилцаа, пологоор холбогдсон түүхээ хүндэтгэн үздэгийн илэрхийлэл болгож ийнхүү олон улсад нэр хүндтэй армийн багаа Монголд урьж ирүүлээд байна. Энэхүү үйл явдал нь хоёр улсын батлан хамгаалах, соёл, аялал жуулчлалын харилцаанд шинэ түүхийг бүтээх ач холбогдолтойг тэмцээнийг хамтран зохион байгуулагч Их Британийн Элчин Сайдын Яамнаас онцолж байна.
Монгол, Их Британийн армийн багууд өмнө нь гурван ч удаа хамтарсан бэлтгэл хийж байжээ. Британи, Монголын армийн поло тэмцээн нь олон нийтэд нээлттэй тул поло төдийгүй морин спорт сонирхогчид үзэгчдээр оролцох боломжтой юм.