Энэ сарын 10, 11-ний өдрүүдэд буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 567 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 389 дуудлага бүртгэгдсэн байна.
Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 13 бүртгэгдэж 22 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 3, явган зорчигч 3. Зам тээврийн осолд сургуулийн өмнөх насны 2, сургуулийн насны 5 хүүхэд өртсөн байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 98 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал, СБД-ийн нутаг Ногоон нуурын гудамж “Profection “ цонхны үйлдвэрийн баруун замд S.Istana маркийн авто машины жолооч Г нь явган зорчигч 18 настай эмэгтэй Г, 1 сартай эмэгтэй Х, 4 настай эрэгтэй Б нарын 3 хүнийг мөргөж гэмтээжээ. Мөн БЗД-ийн нутаг Хонхорын зам, Эмийн ургамалын хойд замд “T.Tercel” маркийн Б жолоочтой авто машин онхолдож зорчигч 15 настай эрэгтэй З, 06 настай эрэгтэй З нарын гурван хүн гэмтсэн байна.