Ард, иргэдийн санал бодлыг сонсох, хүлээж авах, шаардлагатай тохиолдолд санал гомдлынх нь дагуу ажиллах зорилготойгоор анх 2012 онд Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газар “11 11” төвийг нээсэн байдаг. Уг төвийг санаачлан байгуулсан Н.Алтанхуяг “Ийм төв нээсэн нь Засгийн газрын чихийг онгойлох гэж байгаа юм. Улс оронд жижиг асуудал байдаггүй. Тиймээс бид иргэдийнхээ санал, зөвлөмжийг хүлээж авах, тэдэнд төвөг, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, шуурхай үйлчлэх зорилгоор тус төвийг санаачлан байгууллаа” гэж хэлж байв.
Уг төвийг байгуулахдаа хуучнаар пропускийн товчоог засаж тохижуулсан байдаг. Иргэд өөрийн биеэр тус төвд очин санал хүсэлт, гомдлоо хэлэх боломжтойгоос гадна улс орны өнцөг булан бүрээс 11 11 дугаарт залган мэдээлэх боломжтой байв. Мөн гар утаснаасаа 141111 гэсэн дугаарт мессеж бичиж, 1111@gov.mn гэсэн хаяг руу цахим шуудас илгээж, twitter, facebook хаягнаасаа ч хандаж болдог байв. Иргэд хэнд хандаж ямар санал хэлэв, санал нь аль шатанд явна, ямар мэргэжилтэн хариу өгөх гэж байна, хэдий хугацааны дараа саналын хариу өгч байгаа зэргийг Засгийн газрын тэргүүнээс эхлээд холбогдох албан тушаалтнууд хянаж байсан юм. Ер нь бол уг төв Шинэчлэлийн Засгийн газрын үед иргэдийн санал, хүсэлтийн дагуу идэвхтэй ажиллаж байсан гэж хэлж болно.
Тэгвэл Ж.Эрдэнэбатын тэргүүлж буй Мэргэжлийн Засгийн газраас уг төвийн үйл ажиллагааг зогсоож, татан буулгахаар болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар 11 11 төвийг тун удахгүй татан буулгах гэж буй бөгөөд холбогдох тушаал нь хүртэл гарсан байна. Тэгэхээр тус төвийн үйл ажиллагаа ойрын үед зогсох нь.
Иргэдэд ойртуулж олон нийтийн нүд, чих болж дуу хоолойг нь төр засагт дамжуулах нэгэн гүүр болж байсан "11 11" төв татан буугдахаар болжээ.
Өнөөдрийг хүртэл тус төвд иргэдийн 12 0008 саналыг хүлээж авсан байна. Иргэд, олон нийт төрийн ойлгомжгүй үйлчилгээг тус төвөөс асууж лавлахаас гадна өдөр тутамдаа тохиолдсон санал, гомдлыг хүртэл дамжуулдаг байв.
Засгийн газрын дэргэдэх “11 11” төвийн албан ёсны вэб сайт руу орж үзвэл “Орон сууцны 8 хувийн зээл хэзээнээс үргэлжлэн олгогдох вэ, Нэг цэгийн үйлчилгээний ажилтан харилцааны соёлгүй, цаг барьдаггүй, хүнд суртал гаргадаг, Манай байрны СӨХ илүү мөнгө авч байна” гэх мэт өдөр тутмын ахуйд тохиолдсон гомдлуудаа тус төвөөр дамжуулан хэлэхээс гадна сургууль, цэцэрлэгийн хүртээмж, эмнэлгийн үйлчилгээний талаарх гомдол, дүүргээсээ сонгогдсон гишүүнд ч дамжуулах саналаа уг төвөөр дамжуулдаг. Тодруулбал, иргэдийн өдөр тутмын ажил, амьдралд тулгамдсан бүх хууль бус асуудлыг тус төвд мэдээлж боломжтой тохиолдолд шийдвэрлэж өгөхөд тусладаг байв. "11 11" төвийн ажилтнууд иргэдийн санал, хүсэлт гомдлыг хүлээж авч холбогдох байгууллагад нь уламжлан шийдүүлж эргэн иргэнд хариуг хэлдэг. Энэ мэт төрийн үйл ажиллагааг иргэдэд ойртуулж олон нийтийн нүд, чих болж дуу хоолойг нь төр засагт дамжуулах нэгэн гүүр болж байсан "11 11" төв татан буугдахаар болжээ. Тус төвийг хаах нь уг төвөөр үйлчлүүлж асуудлаа шийдүүлж байсан хүмүүст хамгийн харамсалтай санагдаж буй.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (38)