Шинээр байгуулагдсан Мөнгөний бодлогын зөвлөл эхнийхээ хуралдааныг даваа гарагт хийж, захирлуудын зөвлөлөөр сүүлд гаргасан бодлогын хүүг нэмэх шийдвэртэй холбогдох арга хэмжээ, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцлээ. Мөнгөний бодлогын зөвлөл нь Төв банкны Ерөнхийлөгч тэргүүтэй 14 гишүүнээс бүрдэж байна. Гишүүдийн ес нь Монголбанкнаас томилогдсон бол тав нь хараат бус, хөндлөнгийн судлаач, эдийн засагчид байгаа аж. Монголбанк өнгөрсөн сард Захирлуудын зөвлөлийн хурлаар бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлж, түүхэн дээд хэмжээнд хүргэх шийдвэр гаргасан юм. Энэ нь төгрөгийн өгөөжийг сайжруулах, төгрөгт байршсан хөрөнгийн үнэ цэнийг өсгөх зорилготой гэж тайлбарлаж байна. Харин Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг 10 дугаар сарын нэгэнд УИХ-д өргөн барихаас өмнө дахин хуралдаж, үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтжээ.