Дундговь аймгийн Засаг даргаар ахлуулсан аймгийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Одоогоор Говь-Угтаал, Сайнцагаан суманд хонины цэцэг өвчин гараад байгаа бөгөөд Сайнцагаан суманд найман айлын 461 хонины 105-ыг нь утгасан бол Говь-Угтаал суманд зургаан айлын 560 хонь өвчилж, үүнээс 70-ыг нь устгажээ.
Халдварын голомт болоод голомттой ойр байгаа айл өрхийн хонинд вакцинжуулалт хийсэн хэдий ч малчдын отор нүүдэл, хөл хөдөлгөөн ихтэй байгаагаас үүдэн өнөөдрийн байдлаар өвчин намдахгүй байгааг Онцгой байдлын газраас мэдээллээ. Тиймээс цэцэг өвчинтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхээр ХБХ-ийн дарга Х.Отгонжаргалаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Үйзэн багт долоон пост шинээр гарган ажиллуулах, өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгаж малчдад мэдээлэл сайн хүргэх, бусад сумын малын эмч нарыг дайчлан голомтод байнга ажиллуулах, Цагдаагийн байгууллагын хүн хүчийг нэмэгдүүлэх, постод ажиллаж буй алба хаагчдад ХААГ-аас мэргэжил арга зүйн зөвлөгөөгөөр сайн хангах, тэднийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах, устгасан малын жагсаалт мэдээллийг улсын ОБЕГ-т явуулах, үйл ажиллагаанд зарцуулах төсөв хөрөнгө, ажлын нарийвчилсан төлөвлөгөөг гаргах ажлыг хийж гүйцэтгэх даалгаврыг онцгой комиссоос ажлын хэсэгт өглөө.