Энэ оны эхний долоон сарын байдлаар шатахуун болон дизель түлшний импорт 2015 оны мөн үеэс буурсан байна.
Монгол Улс оны эхний долоон сард нийт 212.1 мянган тонн автобензин имполтолсон нь жилийн өмнөх үеэс 24.3 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин мөнгөн дүнгээр тооцвол 102.7 сая ам.доллар болсон нь жилийн өмнөхөөс 37 хувиар буурчээ.
Импортын дизель түлшний хэмжээ 367.2 маянган тонн болж, 29.8 хувиар, мөнгөн дүн нь 110.9 сая ам. доллар болж, 50.6 хувиар буурсан байна. Монгол улсын хувьд автобензин, дизелийн иүлшийг голчлон ОХУ, БНХАУ-аас импортолдог. Тухайлбал ОХУ-аас 48 хувь нь буюу 101.7 сая ам. долларын автобензин, 96.7 хувь нь буюу 107.3 сая ам.долларын дизель түлш импортолсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ОХУ-аас импортолсон автобензин 34 хувиар, дизель түлш 50 хувиар буурчээ. БНХАУ-аас авсан автобензин 2015 оны мөн үеэс ойролцоогоор 8.5 дахин буурсан үзүүлэлттэй байна. Харин дизель түлшний импорт 80 дахин нэмэгдэж, 2.5 сая ам.долларт хүрсэн талаар Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ. “Rosneft” компани Монгол Улсын хамгийн том шатахуун нийлүүлэгч компани бөгөөд 2015 онд нэг сая 50 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортолсноос 75 хувийг нь тус компаниас авсан байдаг. Харин цаашид нефтийн бүтээгдэхүүнийхээ чанарыг ахиулж “Евро 4” стандарт руу шилжүүлэхээр зорьж байгаа аж. Улмаар ирэх оны аравдугаар сараас шинэ стандартад шилжих зорилт тавьсан гэж Газрын тосны газраас мэдээллээ.
Түүнчлэн, “Rosneft”-ээс гадна “Gazpromneft” зэрэг ОХУ-ын нефть олборлогч бусад компаниуд Монгол улсад бүтээгдэхүүн нийлүүлж байна. Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банк ОХУ-ын “ВТБ” банкнаас жилийн 7.5 хувийн хүүтэй 300 сая хүртэлх ам.долларын зээлийг авсан. Үүнийгээ “Магнай трейд”, “Сод Монгол”, “Шунхлай”, “Петровис” компанид арилжааны банкаар дамжуулан зээлэхээр болсон юм. Ингэснээр нефтийн бүтээгдэхүүнийг “Rosneft”-ээс импортлохдоо төлбөрөө 100 хувь урьдчилан төлөхгүйгээр тодорхой хугацааны дараа төлөх боломжийг бүрдүүлж, улмаар шатахууны жижиглэнгийн үнэ 15-20 төгрөгөөр буурахад нөлөөлнө гэж Газрын тосны газраас онцолж байна.
Энэ жилийн хувьд газрын тосны салбарт гарсан нэг томоохон өөрчлөлт нь нефтийн транзит тээвэр бөгөөд 2015 оны төгсгөлөөс эхлэн Монголын нутгаар дамжуулан төмөр замаар ОХУ-ын тал нефтиэ тээвэрлэж эхэлсэн юм. Холбогдох хэлцлүүд үргэлжилж байгаа ба цаашид жилд 3-4 сая нефть дамжин өнгөрөх төлөвтэй байна.
Эх сурвалж: www.ubtz.mn