Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Орхон голын эх бүрэлдэх газарт алт олборлосны улмаас Орхон гол улаан хоормог болтлоо бохирдож, ус биш шороо, шавраар урсаад дөрвөн сар гаруй хугацаа өнгөрсөн.
Орхон гол ийнхүү улаанаар эргэх болсон шалтгаан нь алтны компаниудын хууль бус үйл ажиллагаатай холбоотой. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд Орхон голын бохирдлыг арилгахаар шуурхай ажиллаж эхэлсэн Ажлын хэсгийнхний дүгнэлт зэргийг үндэслэн БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, УИХ-ын гишүүн Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, П.Баатарбилэг, МХЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Цагаанхүү, Архангай, Өвөрхангай аймгийн Засаг дарга, ИТХ-ын дарга нар болон холбогдох бусад мэргэжилтэн нар Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт ажиллаж, орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Ингээд тэнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдэд хуулийн дагуу бичиг баримтаа бүрдүүлэх, нөхөн сэргээлтийн барьцаа төлбөрөө улсын төсөвт байршуулах, гол руу бохир ус орохгүй нөхцөлийг бүрдүүлж, хаалт далангаа барих шаардлага тавьсан байна. Эдгээр шаардлагыг биелүүлтэл нэр бүхий аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргажээ.
Архангай, Өвөрхангай аймгийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд өнөөдрөөс газар дээр нь хяналт тавьж ажиллах юм байна.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (4)