100 буудалт даамын тивийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн өргийн тоглолт өнөөдөр болж, тивийн аваргууд тодорлоо. Тодруулбал, эрэгтэйчүүдийн ангилалд Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай 14 оноогоор түрүүлсэн бол их мастер, Азийн таван удаагийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 13 оноо, их мастер Д.Баттулга 12 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэн болов. Энэ удаагийн тивийн аваргад түрүүлсэн Р.Манлай ийнхүү их мастерын болзол хангалаа.
Эмэгтэйчүүдийн ангилалд дөрвөн улсын 20 даамчин өрсөлдсөнөөс их мастер М.Нямжаргал түрүүлж, М.Одгэрэл, Б.Нандинцэцэг нар мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.
Өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн ангилалд болж буй тивийн аваргад БНХАУ, Япон, БНСУ, Сингапур, Энэтхэг, Монгол зэрэг нийт 15 орны 200 орчим даамчид өрсөлдлөө.
Сэтгэгдэл (2)