Бразилийн Рио Де Жанейро хотноо тун удахгүй зохион байгуулагдах хүн төрөлхтний спортын их баяр наадам Зуны 31-р олимпийн наадамд ОХУ-ын олимпийн шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох эсэх нь тодорхой болоогүй байгаад байсан. WADA бyюy Олон улсын сэргээшийн эсрэг агентлаг, хуульч Ричард Макларены удирдсан Хараат бус комиссын тайланг үндэслэн ОХУ-ын багийг “Рио-2016” олимпийн наадамд оролцуулахгүй байх тухай зөвлөмж гаргасныг ОУОХ-ны Гүйцэтгэх хороо цахим хуралдаанаар хэлэлцсэн. Тэгвэл тус хуралдаан өчигдөр хуралдаж ОХУ-ын багийг олимпийн “Рио-2016” наадмаас хасахгүй байх шийдвэр гаргажээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах мэдэгдэхдээ ”Цэвэр” тамирчдад шудрагаар хандах учиртай, бид тэднийг ийм байдлаар хамгаалж байна. Оросын багийг хасах асуудлаар “за”, “үгүй” гэсэн байр суурь баримталж байсан хоёр талд бидний шийдвэр таалагдаагүй байж магадгүй. Гэхдээ бидний гаргасан шийдвэр цэвэр тамирчдын тэмцээн, уралдаанд оролцох эрхийг хүндэтгэж байгаа хэрэг юм.” хэмээжээ.
ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бахыг мэдэгдэл хийсний дараа UCI, Олон улсын дугуйн спортын холбооны ерөнхийлөгч Брайан Куксон, Олон улсын гандболын холбооноос оросын тамирчдыг олимпийн наадамд оролцуулна гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (2)