Монгол улсын төрийн шагналт, Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын 85 насны ой энэ жил тохиож байна. Уг ойг тохиолдуулан Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг зарлахаар болжээ.
Тиймээс Монгол Улсын Соёл урлагийн их сургууль Норовбанзад сан болон Монголын уртын дууны холбоотой хамтран Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит уртын дуучдын Олон улсын анхдугаар уралдааныг ирэх есдүгээр сарын 8-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.
Тэмцээнд 45 нас хүртэлх мэргэжлийн дуучид болон ардын авьяастан, оюутнууд оролцох боломжтой юм. Энэхүү Олон улсын анхдугаар уралдааны бүртгэл ирэх наймдугаар сарын 5-наас эхлэх бөгөөд сарын хугацаанд Соёл урлагийн их сургуулийн байранд бүртгүүлсэн байх шаардлагатай аж.