Зүүд бол тархины толь гэж эрдэмтэд хэлдэг. Тэгэхдээ олонхи нь зүүдийг эрүүл мэндэд муу гэж үздэггүй билээ. Харин Варвикагийн их сургуулийн эрдэмтэд олон жилийн судалгааныхаа үр дүнд хүүхдийн зүүд ямар өвчнөөр өвчилж магадгүйг нь сануулдаг гэж үзэж байна. Ялангуяа 10-12 настай хүүхэд юу зүүдэлж байгаагаар нь өвчнийг урьдчилан мэдэх боломж гарч байгаа аж. Хэрвээ таны хүүхэд долоо хоногт 3-4 удаа хар дарж зүүдэлдэг бол ой тогтоолт муудахын эхлэл юм байна.
Профессор Стив Форст ”Зүүдний талаар эрдэмтэд их маргалдцаг. Үнэн хэрэгтээ зүүд бол биеийн нууцыг хадгалж байдаг түлхүүр юм. Энэ түлхүүр янз бүрийн байдлаар мэдээлэл өгдөг. Тэр нь олон төрлийн зүүдээр илэрдэг. Бид энэ чиглэлээр 20 жил судалгаа хийсэн. Шалтгааныг нь одоогоор хэлэх боломжгүй ч 10-12 насны хүүхэд зүүдээрээ бүхнийг хэлдэг нь батлагдсан. Хэрвээ хүүхэд зүүдлэхдээ ярьж, гараараа зангаад байвал дотор эрхтэнд ямар нэг “но” үүслээ гэж ойлгож болно. Тиймээс эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Харин сүнс зүүдлээд байвал стрессэнд орсны эхний шинж болно. Ер нь хүүхдийнхээ зүүдийг сайн асууж байх хэрэгтэй” гэж ярьсан байна