“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд наймдугаар сарын 6-ны өдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд анх удаа 350 уран нугараач оролцсон “Уул усны домог” тоглолтыг зохион байгуулах гэж байна. Энэхүү тоглолтын Ерөнхий найруулагчаар нийслэлийн Улаанбаатар чуулгын дарга, МУСТА Р.Мөнхсайхан ажиллаж байгаа юм. Бид түүнээс энэхүү тоглолтын талаар цөөн хэдэн асуултад хариулт авлаа.
- Анх удаа 350 уран нугараач оролцсон тоглолтыг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд толилуулах гэж байна. Яагаад заавал уран нугараачдын үзүүлбэрийг онцлон толилуулахаар шийдсэн юм бэ?
-Монголын уран нугралт өнөөдөр дэлхийд өндөр үнэлэгдэж байна.Дэлхийн хамгийн том циркийн тоглолтоос эхлээд тэнгис далайд аялагч том том усан онгоцууд, олон нийтийн зугаалгын газрууд, алдартай зочид буудлуудад Монгол нуграачид л ажиллаж байдаг. Дэлхийд Монгол улсаа сурталчлах “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдыг нийслэлдээ татах, ирсэн зочдод үзүүштэй үзүүлбэртэй байх зэргээрээ Монгол уран нугралт бол хөөмий ,уртын дуу, морин хууртай эн зэрэгцэх баялаг юм. Тиймээс бид Даншиг наадмын үеэр Монголын 350 уран нуграачид зэрэг оролцсон “Уул усны домог” Монгол нуграачдын тоглолт хийхээр шийдэж, бэлтгэл ажилдаа ороод байна.
- Тоглолтод оролцох уран бүтээлчдийг яаж сонгосон бэ? Яагаад заавал 350 уран нугараач гэж онцлоод байгаа юм бэ?
- Бидний зүгээс Монголын нэрийг олон улсад уран нугралтаар гаргахын тулд Гиннесийн номонд оруулахыг зорьж, хамгийн олон нуграач оролцсон бүтээл гэдэг ангилалаар санал өгч байгаа юм. 350 гэсэн нуграачдын тоог Гинесийн номын шаардлагаар авсан. Энэ тоо зөвхөн Монголд л боломжтой юм байна. Монголд хамгийн олон нуграач бэлтгэгддэг гэсэг үг. Тоглолтод оролцох уран нуграачдыг маш нарийн шалгуураар сонгосон. Тодруулбал, Төрийн шагналт, Ардын Жүжигчин, уран нугараач Б.Норовсамбуу гуай уран нуграачдын багийг ахлаж, бэлтгэл хийлгэж байна. Түүний багийнхан 2016 оны 4-р сараас эхлэн тоглолтод оролцох уран нуграачдын сонгон шалгаруулалтыг Улаанбаатар хот төдийгүй Дархан, Эрдэнэт, Хөтөл, Ханбогд, Дундговь, Дорноговь аймгуудад явуулсан. Одоо тоглолтод оролцох нийт 300 гаруй нуграач, 24 багшийн хамт уран нугралтын мастер, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, зууны манлай уран нугараач Г.Норовсамбуу гуайн удирдлаган дор Улаанбаатар чуулга, Отго студи, Аса цирк, Хаанбанкны байранд бэлтгэл хийж байна.
Тоглотод ямар уран бүтээлчид оролцох вэ?
Уул усны домог тоглолтод дэлхийд алдартай Нарны Циркийн “O” шоунд оролцож байгаа олон улсад гялалзаж байгаа уран нугралтын одод оролцно. АНУ-ын Лас Вегаст тоглогдож байгаа “О” шоуны дасгалжуулагч багш Монголын анхны хос нуграачдын нэг, Монте Карлогоос хамгийн анхны шагналыг эх орондоо авчирсан уран нуграач Ж.Эрдэнэчимэг, 1990 онд Парис хотоос Тагтаатай нугралтаар мөнгөн медаль авчирч байсан нуграач Ундармаа, одоо АНУ д ажиллаж амьдарч байгаа нуграач Н.Тунгалаг нар ирж оролцохоо албан ёсоор мэдэгдсэн. Тэд АНУ-аас энэ сарын 25-нд ирнэ. Мөн Үндэсний циркийн дэргэдэх Уран нугралтын дугуйлан, Шинэ цирк төвийн дэргэдэх “Отгоо” уран нугралтын студи, Нугралтын “X-Roses” студи, Хаан банкны дэргэдэх “Акработын төв”, Циркийн хөгжил төвийн нуграачид, Улаанбаатар чуулгын нугараачид, Дархан хотын “Шонхоодой” цирк, Эрдэнэтээс ““Эрдэнэс”, “Увидас” дугуйлан, Дундговь аймгаас “Сондор”, Дорноговь аймгаас “Дорнын уянга” гээд нийт уран нугралтын 20 студийн 350 уран нугараач, жүжигчид оролцоно.
-Тоглолтын дэглэлт, тоглотын ерөнхий утга санаа ямар шийдэлтэй байх вэ?
Тоглолт Дарь эхүүд, ус, цэцэгс, могойн чуулган, Алунгоо хатан гэсэн хэсгүүдээс бүрдэж байгаа. Бид үндэсний болон орчин цагийн аястай бүжиг хөгжмөөр чимэглэсэн. Тоглолт нийт нэг цаг 30 минут үргэлжилнэ.
Сэтгэгдэл (1)