Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох “Рио-2016” зуны XXXI олимпийн наадамд оролцох тамирчдыг үдэх ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болон бусад гишүүд, сайд нар оролцсон юм.
Энэ үеэр Ерөнхийлөгч Риог зорих тамирчиддаа хандан үг хэлж, захиасаа захилаа.
Тэрбээр “Өнөөдөр Монгол Улс, Монголын ард иргэдийн хувьд маш сайхан үйл явдал болж байна. Монголын ард түмэн их бэлгэшээлтэй ард түмэн. Охидоо, хөвгүүдээ алс хол явахад нь сайхан үдэж гаргадаг ард түмэн байгаа. Гэхдээ хатуу үг хэлж, өөрийнхөө захиасыг хэлдэг ард түмэн. Өнөөдөр олимпид оролцох баг тамирчдадаа үдэхээр хуран цугларсан байна.
Энэ жилийн хувьд Монгол Улсын түүхэнд хамгийн олон тамирчин буюу 42 тамирчин зуны олимпийн наадамд, 8 тамирчин Пара олимпийн наадамд оролцохоор болсон. Ингээд нийтдээ 50 тамирчин дэлхийн шөрмөстэй, чадалтай, оюунтай, ухаантай хүмүүстэй өрсөлдөхөөр Монгол нутгаасаа хөлгийн жолоо залах гэж байна.
Та бүхэнд 16 хоног үлдлээ. Та бүхэн нэг, хоёр хоногийн өмнө ч болтугай очих газраа очиж бэлтгэлээ хангах боломжийг бид олгосон байгаа. Дэлхий болон олимпоос медаль авчирсан тамирчдад төрийн хайр хишиг, түмний хүндэтгэл, магтаал багадаагүй.
Одоо та бүхнээс Монголын ард түмэн их зүйл хүлээж байгаа. Монголын төр их зүйл хүсч байгаа. Монголын ард түмэн тамирчдадаа алган дээрээ бөмбөрүүлж авч явдаг ард түмэн. Монголын төр та бүхэнд өгөх гавьяа шагналаа харамлаагүй, өгч ирсэн.
Олимпын наадмаас медаль авсан тамирчид Монголын ард түмэн, төр засгаас насан туршдаа тэтгэлэг авч байгаа. Ингэж нийт ард түмний зүгээс миний охин, хүү олимпоос медаль аваад ирвэл насан туршийн дэмжлэтэй болох нь гэсэн ойлголтоой болсон. Бид халаасандаа байгаа эцсийнхээ мөнгөө Монголынхоо нэрийг гаргаад ирээрэй гэж өгч байна. Ард түмнийхээ хайр халамжийг дааж явах хэрэгтэй.Манай тамирчид Монгол хүн гэдгээрээ бусдаас ялгарна.
Та бүхэн нэгдүгээрт, Монгол хүн гэдгээрээ бахархаж, хоёрдугаарт, хувийн зохион байгуулалт, сахилга батаараа бусдаас ялгарч байж та бүхэн амжилтад хүрнэ.
Та бүхэнд ялагдах эрх байхгүй. Өмнөх олимпуудтай харьцуулахад энэ удаа хоёр дахин илүү тамирчид явж байна. Тийм ч учраас Монголын ард түмэн та бүхнээс хоёр дахин илүү амжилтыг хүлээж байна.
Түүнээс бага амжилттай ирэх эрх байхгүй ээ. Эдгээр зүйлийг та бүхний төлөө сүү өргөж, дэмжиж байгаа ард түмнийхээ өмнөөс захин хэлж байна. Та бүхэн өндөр амжилттай ирэх ёстой. Та бүхний эрмэлзэл бол алтан медаль буюу энэ шар өнгө байх ёстой. Түүний төлөө зүтгэх ёстой. Та бүхний амжилтыг бүх хүмүүс сайхан хүлээж авах болно. Төрөл садан ард түмэн, багш дасгалжуулагч сайхан хүлээж авна.
Ингээд сайн яваад ирээрэй. Монголын ард түмэн, төр харж байгаа. Төр ард түмнийхээ итгэлийг биелүүлээд эх орныхоо нэрийг даян дэлхийд дуурсгаад ирээрэй. Та бүхэндээ амжилт хүсье” гэлээ.
Сэтгэгдэл (1)