“Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн удирдлагууд “Рио 2016” олимпийн наадамд оролцох Монголын шигшээ багийн тамирчдын өмсөх “Team Mongolia” брэнд хувцсыг өнөөдөр танилцууллаа. Уг хуралд “Олимпийн хөгжлийг дэмжих сан”-ийн тэргүүн, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ч.Наранбаатар, “Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир нарын хүмүүс оролцсон.
Энэ үеэр ХДС-ийн тэргүүн, МУГЖ дасгалжуулагч Ч.Наранбаатар "Бүх улс орон өөрсдийн гэсэн лого, бэлгэдэлтэй байгаа. Бид Канад, ОХУ, Англи, Швед зэрэг орны олимпийн логог судалсан. Тэгээд бид Монголын тамирчдаа өөрсдийн гэсэн бэлгэдэл логотой болж, олимпд оролцуулахаар шийдсэн юм. Логоны уралдааныг ЭМСЯ-тай хамтран сарын өмнөөс тендер зарлаж, 20 гаруй уран бүтээлчийн логоны загвараас шилдгийг сонгож шалгаруулсан. Маргааш бид дасгалжуулагч, тамирчиддаа тэтгэлэг болон логотой футболк, малгайг нь бэлэглэх болно” хэмээгээд логоны утгыг тайлбарласан юм.
Харин “Евро Ази” компанийн захирал Д.Пүрэв-Очир “Алтан медалийг илэрхийлэх өнгө учраас шар өнгийг бид сонгосон. Ер нь бол спортын амжилт гэдэг хувь хүний зүтгэл, тухайн улс орны дэмжлэг, шинжлэх ухааны байгууллагын судалгаа зөвлөмжийн үндсэн дээр бий болдог. Бид ихэд, дээдсээс бидэнд уламжилж ирсэн үнэт логоныхоо төрхийг хадгалах нь чухал юм. Тэрнээс өнгө чухал биш. Хэрэв бизнесийн чиглэлээр бол ёслолын хуцас заавал алтан шаргал өнгөөр биш хувцасны өнгөөр жигдэрч цаашид үргэлжлэх ёстой. Үүний бизнес төлөвлөгөө гарсан байгаа. Харин өнөөдөр бид арваас дээш алтан медаль авъя гэсэн санааг тусгаж логонд шар өнгийг сонгосон юм шүү гэдгийг хэлмээр байна” гэлээ.
Монголын шигшээ багийн тамирчдын хувцсан дээр гялалзах тус лого нь 3000 жилийн өмнөх таван сүлдтэй тугнаас санаа авсан бөгөөд хурдалж байгаа соёолон морины дүрсийг илэрхийлсэн байна. Цаашид тамирчид өвөл, зун, Азийн болон Залуучуудын олимпд оролцохдоо тус логотой оролцох аж. Мөн олимпийн хөгжлийг дэмжих санд иргэд, ААНБ-аас нийт 260 сая төгрөг цугларсан байна. Үүнээс 120 гаруй сая төгрөгийг ашигласан гэдгээ Олимпийн хөгжлийг дэмжих сангаас мэдээллээ.
Сэтгэгдэл (3)