Зун бол тэр чигтээ амралт бус завгүй хэмнэлээ эвдэн бусдаас нэг шатаар ахих боломжийг авчирдагаараанэн таатай билээ. Энэ үеийг ашиглан зурагтын удирдлага, ухаалаг төхөөрөмжүүдээс түр ч болов холдон өөртөө цаг зав гаргаарай.
Амралт зугаалгын гэгддэг эдгээр өдрүүдэд гэрийнхээ хаяанд, эсвэл холгүй орших модны сүүдэрт, аль эсвэл бүр түргэн урсгалт голын хөвөөнд, тасралтгүй бороо орсон уйтгартай саарал өдрүүдэд дуртай номоо бариад суух нь танд яах аргагүй шинэ мэдрэмжийг өгч сайхан амралт болж чаддаг билээ.Иймд та бүхэндээ зориулан амралтаараа унших 15 номыг танилцуулж байна.
1. Хайрлах урлаг
Хамгийн эхний танилцуулах ном бол мөнхийн сэдэв болох “Хайр”-ын тухай ном юм. Гэвч энэхүү ном нь танд хайрын тухай бэлэн жорыг хэлж өгөхгүй боловч хэрхэн хайрлах арга замыг зааж өгөх болно. Уг номын зохиогч Эрих Фромм хүн хайранд суралцаж гэмээнэ бусдыг хайрлаж чаддаг болно хэмээсэн байдаг. Иймээс та ч бас хэрхэн зөв хайрлах аргад суралцаарай.
2. Франц хүмүүжлийн нууц: bebe өсгөхүй
Ээж та шөнө бүр хэд хэд босож, хүүхдээ хөхүүлэн дутуу нойртой хоноод, өглөө нь ажилдаа гүйж, орой нь хүүхэддээ санаа зовж яарсаар гэртээ харьдаг уу?Тэгвэл зарим орны ээж нар тэгж “зовдоггүй”, харин ч өөртөө анхаарч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог ба хүүхэд нь ч ээжийнхээ энэ байдлыг ойлгох мэт хэдхэн сартайгаасаа эхлээд шөнө сэрэлгүй унтаж сурсан байдаг гэвэл ямар байна?
Америкийн Уолл Стрит Журнал сонины сурвалжлагчаар ажиллаж байсан Памела Дракерман хэмээх бүсгүй франц хүмүүжлийн нууцыг таны өмнө нээж байна.
3. 1Q84
Унших ном болгон тань бүхнийг заасан сургаалийн шинж чанартай байж болохгүй шүү дээ. Амарч зугаалангаа уран зохиолын ном унших нь хамгийн сайхан амралт болно. Тиймээс Японы төдийгүй дэлхийн пост модерн уран зохиолын гол төлөөлөгч Мүраками Харүкигийн алдарт “1Q84” цуврал романыг танд санал болгож байна.
Зохиолч уг бүтээлийнхээ санааг 1995 онд Токио хотын метронд хорт хий тавьж олон хүний амь насыг сүйтгэсэн “Ум шинри кёо” шашны байгууллагын өдүүлсэн гэмт хэргийн бодит түүхээс сэдэвлэсэн хэмээдэг бөгөөд үүнээс гадна өөрт нь ихээр нөлөөлсөн кино, хөгжим, утга зохиолоос иш татаж, зохиолдоо шигтгэж өгснөөр уншихад энгийн ойлгомжтой хэрнээ аялгуу хэмнэл сайтай, нарийн мэдрэмж, төсөөлөхүй дагуулсан онцлог бүтээл болж чадсан хэмээн уншигчид дүгнэдэг
4. Гэрэл зураг сонирхогчдод зориулсан гарын авлага
Аялал зугаалгын салшгүй нэг хэсэг бол гэрэл зураг. Тиймээс бид танд дараах номыг санал болгож байна.Мэдээлэл, заавар, тэмүүллээр дүүрэн энэ ном таны зургийн аппарат юу хийж чадах болон түүнийг хэрхэн ашиглахыг тайлбарласан тул анхан шатны гэрэл зураг сонирхогчдын сайн нөхөр болж чадна. Мөн та уран сэтгэмжээ ашиглан өөрөө шийдвэр гаргаж зураг авах нь хэр таатай болохыг мэдрэхээс гадна зургаа хүссэнээрээ өөрчилж чаддаг болно. Энд энгийн фокуслахаас эхлэн нүд булаам тусгай эффектүүдийг хэрхэн бий болгохыг алхам алхмаар дэлгэрэнгүй тайлбарласан байгаа.
5. Баатар
Та бусдаас онцгой. Хэн болж, юу хийж бүтээхийн төлөө энэ ертөнцөд ирсэн шалтгаан чинь бусад долоон тэрбум хүний хэнтэй нь ч давхцахгүй. Танд өөрийн гэсэн амьдрах ёстой амьдрал, замнах ёстой аян зам бий. Энэ ном танд тэр аян замын тухай өгүүлнэ.
Туйлын мөрөөдлөө биелүүлэхэд шаардлагатай бүх зан чанар бидэнд төрөлхөөс заяагдсан байдаг бөгөөд тийнхүү мөрөөдөлдөө хүрснээрээ бид амьдралынхаа зорилгыг биелүүлж, хорвоог өөрчилдөг болохыг та энэ номоос харах болно.
6. 365 үдэш
Амьдралын эх үндэс чухамдаа хүүхэд ахуй насанд л тавигдах ёстой гэдэгтэй санал нийлэхгүй хүннэгээхэн ч үгүй билээ. Энгийнээр тайлбарлавал та хүүхэддээ хэрхэн хандана, хүүхэд тань ирээдүйд тийм л хүн болно гэсэн үг. Тиймээс танд 365 үдшийг хүүхэдтэйгээ хамтдаауншиж, хамтдаа мөрөөдөж, хүүхдийнхээ оюун ухааны өсөлт хөгжилтөд анхаарахад тань дэм болох зорилгоор энэхүү номыг санал болгож байна.Таны халуун дулаан хайрыг мэдрэн, танин мэдэхүй, уран сэтгэмж, үлгэр домгийн ертөнцөөр хамт аялах бяцхан үрийнхээ баяр баясгалан гэрэлтсэн нүдийг нь олж харахаас илүү аз жаргал бий гэж үү.
7. Монгол нүүдэлчдийн тайлбар толь
Монголчууд бид зун болмогц байгалийн сайхныг мэдэрч, нүүдэлчин соёл ахуйдаа ойртохоор эх орныхоо дөрвөн зүг найман зовхист аялал амралтаа өнгөрөөдөг билээ. Энэ үедээ тауламжлалт зан заншил, соёл, хоол хүнсний өвөрмөц онцлог, ахуй амьдралын хэв маягийг илүү сайн мэдэрч ойлгоход тань энэхүү ном тусална.
8. Саран хөндий (сонсдог ном)
Хол ойрын аялал, аян замын уртад машиндаа сонгодог зохиолыг сонсонгоо байгалийн сайхныг мэдэрч явах нь амралтын олон сайхан мөчүүдийн нэг юм. Тиймээс бид танд Саран хөндий зохиолыг санал болгож байна. Зохиолын гол баатар Билл, Саксон хоёр ч бас нийгмийн хамгийн муу муухай бугшсан нүргээнт хотоос жинхэнэ аз жаргалаа олохгүйг ухааран их хотыг орхиж байгалийн онгон зэлүүд нутгийг зорихоор шийдэж байгаагаар дүрслэгддэг.
9. Грэйгийн амьдралын тавин сүүдэр (Fifty Shades of Grey)
Сургуулиа дөнгөж төгссөн Анастасия Стийл амжилт арвинтай бизнес эрхлэгч Крисчен Грэйтэй анх уулзсан даруйд тэдний амьдралыг эргэлтгүй өөрчлөх эмзэг харилцааны оч харважээ. Крисчений ер бусын эротик таашаалд цочирдож, эвгүйцсэн Ана түүнээс зан харилцаагаа өөрчлөхийг шаарддаг. Анаг авч үлдэхийн тулд Крисчен аргагүй зөвшөөрнө. Ана, Крисчен хоёрт хайр, дур хүсэл, дотносол, эд баялаг, гялалзсан ирээдүй гээд бүх юм байв. Гэвч Ана хайртай залуу нь тийм амар хүн биш болохыг, тэд хамтдаа байвал хэн хэн нь төсөөлөөгүй сорилтой тулахаа мэднэ. Ана өөрийн оршихуйг хөндөхгүйгээр Крисчений баян тансаг амьдралын хэв маягт зохицох учиртай болно. Харин Крисчен бүхнийг хянах гэдэг хэнээрхлээ даван туулахаас аргагүй болж, хар бараан өнгөрсөн амьдралынхаа ад зэтгэртэй тэмцэлдсээр байна. Тэдний хамтын хүч ямар ч саад бэрхшээл, азгүйтэл, өшөө хорслыг бүдгэрүүлэх шидтэй юм шиг санагдавч Анагийн сэтгэлийн гүн дэх айдас биелэх тавилантай аж.
10. Анна Каренина
Зуныг хайрын сэдэвтэй роман, зохиолгүйгээр төсөөлөхийн аргагүй. Нөхөрт гарсан баян хатагтай Анна Каренинагийн жавхаалаг офицер Вронскийд өгсөн эмгэлэлт, нууц дурлалын түүхийг уг номонд өгүүлнэ.
Аннагийн бүх зүйл бүтэмжтэй, хэргэм язгуур өндөр эр нөхөр, хайрт хүү, эд хөрөнгө хийгээд ихэс дээдсийн хүрээлэлд өөрийн байр сууриа олсон гээд бүх зүйл байх боловч сэтгэлийнх нь гүнд өчүүхэн гэмээр хоосон зай оршсоор ирсэн нь хайр сэтгэлийн аз жаргалд тэмүүлэх оргилуун хүслэн байлаа.
11. Маанаг
1868 онд бичигдсэн боловч өдгөө хүртэл хүн төрөлхтөн шимтэн уншсаар бүтээл бол Оросын нэрт зохиолч Достоевскийн “Маанаг” хэмээх энэхүү бүтээл билээ. Ганцхан зун ч гэлтгүй таны заавал унших номын жагсаалт байх ёстой энэхүү бүтээлдээ зохиолч төгс /идеальный/ хүний дүр бүтээх зорилго тавьсан гэдгээ өөрийн захидалдаа дурдсан байдаг. Харин хаанаас тийм хүнийг “төрүүлэх” билээ? Гажиж эвдэрсэн энэ нийгэмд тийм хүн төлөвшин бий болж чадах уу?.
12. 1984
“Мянга есөн зуун наян дөрөв” бол хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон, бүхнийг эрхшээгч цагдаагийн улс ирээдүйд тогтож буй тухай өгүүлсэн, зөгнөлт роман юм.Энэхүү зохиолд дүрсэлснээр суртал ухуулга явуулсныхаа үрээр тухайн улс бүх иргэнийхээ амьдрал ахуй болоод бодол санаанд бүрэн хяналт тогтоогоод зогсохгүй, тэднийг өөрсдийнхөө бодлогын үүднээс л үг хэлдэг, бодож сэтгэдэг болгох арга журмыг хэрэгжүүлж байгаа нь дэлхийн утга зохиолд хэзээ ч хөндөгдөөгүй, ийм нарийн ширийн задлан дүгнэгдээгүй сэдэв юм. Иймээс энэхүү сонирхолтой зөгнөлт зохиолыг бид танд санал болгож байна.
13. Профессор Пнин
Дараагийн санал болгох зохиол бол оюун санааны баялаг ертөнцтэй ч ганцаардсан дундаж сэхээтэн худал хуурмаг, зохиомол амьдрал ноёрхсон бохир ертөнц, бэртэгчин соёл иргэншилтэй хэрхэн тулгарч байгаа зөрчлийг харуулсан бүтээл билээ.
14. Ясан хот
Өсвөр насныхны хайр дурлал, ээж охины харилцаанд тулгарч буй олон бэрхшээлтэй асуудлын тухай адал явдал уран зөгнөлт үйл явдлаар дамжуулан өгүүлэх энэхүү цуврал бол ахлах сургуулийн сурагчдын зуны амралтаараа унших номын жагсаалтад зүй ёсоор багтаж байгаа юм.
15. Бодит байдлын ид шид
Ид шид олон хэлбэртэй. Шинжлэх ухааны аргачлал хөгжөөгүй байхад бидний өвөг дээдэс ид шидийн далд хүчээр орчлон хорвоогоо тайлбарладаг байлаа. Эртний египетчүүд шөнө болж байгааг бурхан нарыг залгичихлаа хэмээн тайлбарладаг байсан бол викингчүүд солонгыг бурхадын дэлхийд ирэх гүүр гэж бодож байв. Байгалийн нууцуудыг энэ мэтээр үлгэр домгийн ид шидээс гадна өөр байдлаар тайлж ойлгож болдог. Тэр нь бодит байдлын ид шид буюу шинжлэх ухаан юм.
Хараа булаам зургууд, ангайм гайхам баримтуудаар дүүрэн “Бодит байдлын ид шид” ном байгаль ертөнцийн үй түмэн үзэгдлийн тайлбарыг агуулжээ. Амьдралынхаа ихэнх хугацааг шинжлэх ухааны гайхамшгуудыг насанд хүрэгчдэд тайлбарлахад зориулсан Ричард Докинс бээр нэрт зураач Дэйв МакКийнтэй хамтран шинжлэх ухааны гайхамшгуудаас бүхий л насныханд түгээхээр эл номдоо хамтран ажиллажээ. Юмс юунаас бүтдэг юм бол? Орчлон хэдэн настай вэ? Яагаад ийм олон янзын амьтан, ургамал байдаг юм бэ? Хамгийн анхны хүн хэн байсан бэ? Энэхүү гайхалтай зурагт ном манай гариг болон түүнээс цаана орших орчлон хорвоогийн тухай гарын авлага болох буй за.