Олон улсын математикийн 57 дугаар олимпиад долдугаар сарын 6-16-нд Хонконг хотноо зохиогдож өндөрлөлөө. Нийт 111 орны 600 гаруй хүүхэд өрсөлдсөнөөс манай сурагчид хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж, Монгол Улс 33 дугаар байр эзэлжээ. Тодруулбал, Сант сургуулийн 12-р ангийн сурагч Б.Пүрэв Хүрэл медаль, Орчлон сургуулийн 12-р ангийн сурагч О.Бодрол Мөнгөн медаль, Олонлог сургуулийн 12-р ангийн сурагч Г.Баяржавхлан Мөнгөн медаль, Эмпати /Мон-Турк/ сургуулийн 11-р ангийн сурагч С. Цэнд-Аюуш хүрэл медаль тус тус хүртжээ.
МУИС-ийн багш, олимпиадын багийн ахлагч Б.Баяржаргал энэ жил өмнөх амжилтаа ахиулах зорилгоор өнгөрсөн оны аравдугаар сараас эхэлж бэлдсэн. Үүний үр дүн ч гарсан гэв. Нэг бодлого нь долоон оноотой, нийт зургаан бодлого бодож, авсан оноогоороо байр эзэлдэг эл олимпиадад Монгол Улсыг төлөөлж зургаан сурагч оролцжээ.
Мөнгөн медалийн эзэн О.Бодрол “Би энэ жил 12 дугаар анги төгссөн. Тиймээс миний хувьд энэ бол сүүлийн олимпиад байлаа. Өмнө нь хоёр удаа орж, хүрэл медаль авч байсан. Энэ жил маш сайн бэлдэж, зорьсондоо хүрч, монгөн медаль авсандаа баяртай байна. Тусалж, дэмжсэн багш нартаа баярлалаа” хэмээн ярив. Тэрбээр улсын олимпиадаас дөрвөн удаа алтан медаль хүртэж байжээ.
Тусгай байр эзэлсэн, Нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн сурагч М.Өнөболд “Олон улсын олимпиадад улсаа төлөөлж оролцсондоо баяртай байна. Би өнгөрсөн жилээс олимпиадуудад бэлдэн, орж эхэлсэн. Энэ жил Улсын олимпиадын аравдугаар ангийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн” гэлээ. Тэрбээр 13 настай бөгөөд тус олимпиадын хамгийн “бяцхан” өрсөлдөгчдийн нэг байсан аж.
Сэтгэгдэл (1)