Монгол Улс, БНХАУ-ын харилцан хамтын ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг нэг салбар бол батлан хамгаалах салбар юм. Хоёр улсын батлан хамгаалах салбар олон чиглэлээр хамтран ажиллаж ирсэн түүхтэй.
2015 оны 10 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн урилгаар БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд, хурандаа генерал Чан Ванцюаний Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын үеэр “Монгол Улсад Хятад Улсаас цэргийн буцалтгүй тусламж олгох тухай БНХАУ-ын БХЯ, Монгол Улсын БХЯ хоорондын хэлэлцээр”-ийг байгуулж, уг хэлэлцээрийн дагуу БНХАУ-ын БХЯ-аас манай Зэвсэгт хүчинд 40 сая юанийн буцалтгүй тусламжийг олгохоор шийдвэрлэсэн юм. Ингэхдээ тусламж нь цэргийн эрүүл мэнд, урлаг спорт, соёлын болон хүмүүнлэгийн чиглэлээр байха бөгөөд мөнгөн хэлбэрээр биш гэдгээр байна хэмээн хэлэлцээр үзэглэсэн юм. Тэгвэл хэлэлцээрийн хүрээнд БНХАУ-ын Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын Батлан хамгаалах яаманд цэргийн буцалтгүй тусламжаар дэлхийн стандартад нийцсэн тайз, дуу өсгөгч, гэрэлтүүлгийн иж бүрэн тоног төхөөрөмжийг гардуулан өгөх арга хэмжээ 2016 оны 7 дугаар сарын 04-нд “Чингисийн талбай”-д ёслол төгөлдөр боллоо. Дэлхийн стандартад нийцсэн, орчин үеийн тоног төхөөрөмж хүлээн авах ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг, БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Элчин сайд Шин Хаймин тэргүүтэй БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүндэт зочид төлөөлөгчид, иргэд оролцлоо.БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд Элчин сайд Шин Хаймин хэлсэн үгэндээ манай хоёр улсын батлан хамгаалах салбар өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. Тэр хүрээнд энэхүү тоног төхөөрөмжийг гардуулан өгч байгаадаа баяртай байна хэмээн онцолсон. Монгол Улсын Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхан "Монгол, БНХАУ нь эртний уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа улс төр, соёл, боловсрол, худалдаа эдийн засаг зэрэг олон салбарыг хамран улам эрчимтэй хөгжиж байгаагийн зэрэгцээ 2014 оноос эхлэн хоёр улсын харилцаа стратегийн иж бүрэн түншлэлийн түвшинд дэвшин хөгжиж байна. Манай Зэвсэгт хүчний шинэчлэлийг дэмжиж, жил бүр буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлж, үзүүлж байгаа тусламжийн хэмжээ нэмэгдэж байгаад БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархаж байгаагаа илэрхийлье. Монгол Улсын Зэвсэгт хүчинд үзүүлж буй тусламж нь Монголын цэргийн алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, Зэвсэгт хүчний шинэчлэлийг хэрэгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байдаг. Үүний нэг томоохон жишээ нь өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсын Батлан хамгаалах яам, БНХАУ-ын Батлан хамгаалах яам хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд нийлүүлэгдсэн нийт 13,0 сая юанийн үнэ бүхий 22 нэгж барилга зам инженерийн техник, хэрэгслийг Зэвсэгт хүчний барилга инженерийн ангиудын хэрэгцээнд хүлээн авч ашиглалтад оруулсан. Энэхүү тайз, тоног төхөөрөмжийг нийлүүлэх асуудлыг маш богино хугацаанд шийдвэрлэн нийлүүлсэнд БНХАУ-ын Засгийн газар, Батлан хамгаалах яаманд талархал илэрхийлье" гэсэн юм.
Тусламжаар ирсэн энэхүү тоног төхөөрөмжийг удахгүй манай улсад зохион байгуулагдах АСЕМ-ын дээд түвшний уулзалтад оролцох хүндэт зочид төлөөлөгчдөд үзүүлэх урлагийн тоглолтод ашиглах болсоноороо онцлог юм. Буцалтгүй тусламжид гадаа тоглолтын тайз , дуу өсгөгч, өсгөгчийн удирдлагын пульт, тайзны гэрэл, гэрлийн удирдлагын пульт, дууны миксер, пульт, микрофоны систем, тайзны хяналтын систем гэсэн тайз, түүний тоног төхөөрөмжийн цогц иж бүрдэл багтаж байгаа юм.
Тусламжийн тайз, тоног төхөөрөмжийг БНХАУ-ын Эрээн хотноо 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 29-ний өдөр Улаанбаатарт тээвэрлэн авчирч, угсралт суурилуулалтын ажил, тоног төхөөрөмжийн сургалтыг Хятадын талаас уригдан ирсэн тайз, дуу, гэрлийн мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн юм.
Монгол Улсад анх удаа дэлхийн стандартад нийцсэн гадаа тоглолтын тайз, тоног төхөөрөмжийн иж бүрдлийг богино хугацаанд захиалах, нийлүүлэхэд Монгол Улсын Батлан хамгаалах яам, Гадаад хэргийн яам, Сангийн яам, Гааль татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар зэрэг байгууллагууд холбогдох арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлсний дүнд дээрх ажил маш богино хугацаанд амжилттай хэрэгжлээ.
Иж бүрэн тоног төхөөрөмжийг бид хүлээн авснаар батлан хамгаалах салбарыг сурталчилах, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, үндэсний соёл урлагийг түгээн дэлгэрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг БХЯ-ны удирдлагууд онцолж байсан юм. Тайз, тоног төхөөрөмжийг хүлээн авах ёслолын дараа ЦДБЭЧ болон "Харанга" хамтлагийн тоглолт болсон юм. Дашрамд сонирхуулахад, АСЕМ-ын уулзалтад оролцох хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэх урлагийн тоглолт, Үндэсний баяр наадмын тоглолт энэхүү тайзнаа болно.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)