Монголын үндэсний ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурийг Үндэсний их баяр наадамд зориулан гадаа задгай талбайд тоглох бөгөөд гол дүрүүдийн сонгон шалгаруулалт өнөөдөр эхэлсэн.
Сонгон шалгаруулалтад 23-40 насны, дуурийн мэргэжлийн дуучин, өмнө нь гол дүрд тоглож байсан туршлагатай байх шалгуур тавьж байгаа аж. Гол дүрийг бүтээх уран бүтээлчдийг энэ сарын 27-29-нд бүртгэж өнөөдөр 20.00 цагт дүнгээ гаргах юм байна.
Сонгон шалгаруулалтад нийт 15 дуучин өрсөлдөж байгаагаас Юндэнгийн дүрд УДБЭТ-ын гоцлол дуучин Ч.Энхтайван, Б.Шинэбаяр, Э.Бумхүү, Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Б.Жавхлантөгс, Нансалмаад УДБЭТ-ын гоцлол дуучин М.Дариймаа, Л.Нарангэрэл, Б.Долгормаа, Б.Энхнаран, Хоролмаад С.Баттүшиг, Ө.Уянга, Ш.Наранчимэг, Балганд Б.Алтанхуяг, С.Бат-Эрдэнэ, О.Хүрэлбаатар, Ж.Бямбажав, Э.Бумхүү нар өрсөлдөж байна.
Энэхүү дуурийг хоёр дахь жилдээ Ардын жүжигчин А.Дашпэлжээ найруулж буй бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Ардын жүжигчин Б.Жавзандулам, МУГЖ М.Болд, Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга Б.Батцэнгэл нар багтжээ. Мөн сонгон шалгаруулалтыг дуучны дуулах ур чадвар, нотны бүрэн дуулалт, жүжиглэх ур чадвар, тайзны соёл гэсэн үзүүлэлтээр оноо өгч дүгнэх юм.
Сэтгэгдэл (1)