Хэзээ ч нүүр тулан уулзахгүй, танихгүй хэн нэгэнд зориулан сэтгэл харамгүйгээр ариун цусаа бэлэглэж, бусдын алтан амийг аврагч ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, алдаршуулах, тэдэнд талархлаа илэрхийлэх боломжийг олгох өдрийг дэлхий нийтээр 2004 оноос эхлэн Дэлхийн цусны донорын өдөр болгон тэмдэглэж эхэлсэн. Энэ өдөр өнөөдөр тохиож байна.
“Сайн дураараа, төлбөргүйгээр цусаа хандивлах нь бусдад амьдрал бэлэглэж буй нэг хэлбэр бөгөөд хүн бүрийн өгөх боломжтой хамгийн аугаа бэлэг юм” гэж “Дэлхийн цусны донорын өдөр” өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан ДЭМБ-ын ерөнхий захирал, доктор Маргарет Чан онцлон хэллээ. Дэлхийн хэмжээнд жилд 108 сая орчим донорын цус цугладаг бөгөөд түүний 50 хувийг хөгжингүй орнуудад цуглуулан нөөцөлдөг байна. Донорын цусаар хангах цорын ганц арга зам бол тогтмол бөгөөд сайн дураараа цусаа хандивлах явдал юм гэж ДЭМБ мэдэгдэв.
Цус болон цусан бүтээгдэхүүн нь жилд олон сая хүний амийг авардаг билээ. Ялангуяа, зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшиг үүссэн онцгой нөхцөл байдалд цус, цусан бүтээгдэхүүн нь олон хүнд амьдрал бэлэглэдэг.