Хөгжингүй улсын түүхийг сөхөхөөр бор зүрхээрээ аяндаа өөдөлсөн жишээ хаана ч байдаггүй. Ихэнх нь гаднаас бага хүүтэй хямд эх үүсвэртэй санхүүжилт татаж, дэд бүтэц, үйлдвэрлэлийн томоохон төслүүд хэрэгжүүлсэн байдаг. Замтай, эрчим хүчтэй газар үйлдвэрүүд баригдаж ашигтай ажилладаг, үйлдвэрүүдтэй улс орны иргэд ажилгүй гэхийн зовлонгүй дажгүй аж төрдөг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Иргэн бүрээ баяжуулъя гэж хоосон ярихын оронд эхлээд дэд бүтцээ барь, үйлдвэрүүдээ хөгжүүл гэсэн л санаа. Бондын мөнгөөр зам бариад ашиггүй гэсэн шүүмжлэл өрнөж эхлэх үед одоо “Голомт” банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа эдийн засагч Ө.Ганзориг “Өмнөд Солонгос улс яагаад хөгжсөн юм бэ гэж солонгосчуудаас асуувал ихэнх нь, манай тухайн үеийн ерөнхийлөгч гарч ирмэгцээ хурдны зам барьсан юм хэмээн хариулна. Хурдны зам дагаж тухайн улсад асар их бүтээн байгуулалт, бизнесийн хөгжин цэцэглэлт, хөрөнгө оруулалт орж ирсэн” гэж байр сууриа илэрхийлсэн удаатай.
Өнгөрсөн жилүүдэд бид дэлхийн улсуудын нэгэнт туулаад хөгжөөд ирсэн тэр замаар явж үзлээ. Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлээс хямд хүүтэй, урт хугацааны 1.5 тэрбум ам.доллар босгож зам, дулааны цахилгаан станцын өргөтгөл, экспортыг орлох үйлдвэрүүдийн бизнес төслүүдийг санхүүжүүлсэн юм.
Хөвсгөл рүү шороон замаар манаргадаг байсан үед гадны нэг жуулчин эмэгтэй далай үзэхээр явж л дээ. Гэвч зорьсон газартаа хүрэлгүй нисдэг тэрэг дуудуулж Улаанбаатар руу эргэснийг Хөвсгөлийнхөн ам дамжин ярьдаг юм билээ. Энхэл донхол замд сэгсчүүлж туйлдсандаа бүр уйлаад буцсан гэдэг. Ийм сэтгэгдэлтэй буцсан жуулчин дахиад Монгол руу зүглэхгүй нь тодорхой. Бид ч ялгаагүй, шороон замтай үед Хөвсгөл рүү сайн машинтай биш бол гарахгүй гэцгээдэг байсан нь ердөө хэдхэн жилийн өмнөх явдал. Бондын хөрөнгө оруулалтаар зургаан аймгийг нийслэлтэй холбосны нэг нь Хөвсгөл аймаг. Ноднин гэхэд л Хөвсгөлд өдөртөө 8000 машин очсон гэх статистик бий. Гадаадын жуулчдын тоо ч өссөн гэж аяллын компаниуд ярьж байсан. Энэ бол бондын хөрөнгө оруулалт эдийн засагт мөнгө болж ороод эхэлсний наад захын жишээ. Хөвсгөлийн бизнес эрхлэгчдэд ч боломж нээгдчихсэн. Наад зах нь л даршилсан загасны үйлдвэр байгуулаад, бүтээгдэхүүнээ Улаанбаатарчуудад зараад байхад дажгүй ашиг хийчихнэ. Хөвсгөлд ховор ургамал төрөл бүрээрээ ургадаг. Эмийн ургамлын үйлдвэр нээгээд хот руу нийлүүлээд байх гарц бий.
Аймаг бүр өөрийн гэсэн брэндтэй. Өмнөговьчууд ингэний хоормогоо, Архангайчууд сарлагийн сүүгээр хийсэн цагаан идээгээ нийслэл гэж том зах зээлд нийлүүлээд байх боломж аль хэдийнэ нээгдсэн. Бондын мөнгөөр барьсан замаар сүнгэнүүлээд байхад л дажгүй ашиг, орлоготой амьдраад байна. Улаанбаатарчууд орос цөцгий, хятад иогурт, голланд бяслаганд өгдөг мөнгөө хөдөөгийнхөө үйлдвэрлэгчдэд өгөөд эхэлбэл гадагшаа урсдаг доллар дотооддоо үлдэнэ гэж ирээд яривал эдийн засгийн ашиг, өгөөж нь их. Хөдөөний жижиг, дунд үйлдвэрлэгчид мөнгө олох хэрээр шинэ технологи нэвтрүүлж, үйлдвэрээ томруулж таарна. Тэгэхээр Хөвсгөлийн загас, Өмнөговийн ингэний хоормогонд Хятадын зах зээлд гарч, доллар олох боломж байгаа гэсэн үг.
Бондын хөрөнгө оруулалтаар нийслэлийн замд ч багагүй бүтээн байгуулалт өрнөсөн. Богд уулын хормойгоор барьсан зам гэхэд л төв замын түгжрэлийг эрс бууруулсан гэж замын цагдаагийнхан ярьдаг. “Гудамж” төслийн хүрээнд Өргөөгийн, Саппорогийн гээд 28 уулзвар шинээр тавигдсанд жолооч нар ам сайтай явдаг. Зөвхөн уулзварууд барьснаар жилд 20 тэрбум төгрөгийн хэмнэлт гарсан гэсэн тооцоо дуулддаг. Түгжрэлд шатаад барагддаг бензин, үрэгдээд дуусдаг цаг хугацааны хэмнэлтийг мөнгө дүнд шилжүүлээд гаргасан багцаа тоо л доо. Бондын мөнгөөр барьсан зам иргэдэд хэмнэлт болж ирж байгааг хэн ч үгүйсгэхгүй.
Бондын мөнгөний нэг хэсгээр үндэсний үйлдвэрлэгч компаниудын бизнес төслийг санхүүжүүлсэн. Арилжааны банкнаас бондын санхүүжилттэйгээр бага хүүтэй зээл авсан газрын нэг нь “Best shoes” гутлын үйлдвэр. Хоёр тэрбумын зээл авсан энэ үйлдвэр жилд 200 мянган хос гутал үйлдвэрлэж байна. Дотоодын зах зээлийн 30 орчим хувийг хангах чадалтай. Монголчууд гутлынхаа нийт хэрэгцээний 90 орчим хувийг урд хөршөөс худалдаж авдаг. Гуанжоугаас оруулж ирдэг гутал гэхэд л жилд нэг, хоёр сая гэж дуулддаг. Тэгэхээр “Best shoes” Гуанжоугаас авах гутлыг ямартай ч цөөлж чадсан. Цаашдаа бондынх шиг хямд хүүтэй зээл олдвол гутлынхаа хэрэгцээний нэлээдийг нь дотооддоо үйлдвэрлэчих боломж бий. Дарханд “Монгол лааз” гэж үйлдвэр бий. Жигнэсэн махнаас эхлээд элэгний нухаш үйлдвэрлэдэг компаниуд өмнө нь гадаадаас авдаг байсан лаазаа Дарханаас худалдаад авах боломж нээгдээд байна. Ирэх хавраас ажил нь жигдрэх энэ үйлдвэр 200-500 граммын багтаамжтай лааз үйлдвэрлэнэ. Нэг сонин тоо бий. Манай улс жилд зөвхөн консервны лааз оруулж ирэхдээ зургаан сая ам.доллар зарцуулдаг. Төгрөгт шилжүүлбэл бараг 12 тэрбум. Нэг дажгүй цэцэрлэгийг тэрбумаар барина гэж тооцвол 12 цэцэрлэг өлхөн барьчих мөнгийн зүгээр л консервны лаазанд урсгадаг болж таарах нь. Бондын мөнгө гадагшаа гарах долларын урсгалыг хаасан ийм төслүүдэд л очсон. Жишээ дурдаад байвал барагдахгүй учраас ингэсгээд орхиё.
Бондын мөнгөний багагүй хэсэг нь дотоодын барилгын материалын үйлдвэрүүдэд очсон. Томоос нь дурдвал цементийн хоёр ч төсөл байна. Барилгынхан өмнө нь хамаг мөнгөө урд хөршөөс цемент авахад зардаг байсан бол одоо цементийнхээ хэрэглээг 100 хувь дотоодоосоо авах боломж бүрдчихсэн. Цонх, хуванцар хоолой гээд гаднаас доллараар авдаг өчнөөн бүтээгдэхүүнийг монголчууд хийгээд эхэлчихлээ. Барилгын материалыг дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр барилгын өртөг буурч таарна, тэр хэрээр орон сууцны үнэ унах нь зах зээлийн хууль. Бондын санхүүжилт барилгын үнийг дор хаяж арав гаруй хувиар буулгасан гэх статистик цаанаа ийм учиртай. Тэгэхээр ямартай “өр” гэж шүүмжлээд байдаг бондын мөнгө иргэдийг байртай, компаниудыг орлоготой, улс орныг замтай болгоод амжиж.
Ц.ТҮВШИН
Сэтгэгдэл (8)