“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааны 30 хувийг Засгийн газраас худалдаж авах шийдвэрийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ. Тэгвэл 30 хувиа худалдах хүсэлтэй иргэдийн материалыг өнөөдрөөс арилжааны банкуудад авч эхэлнэ. Иргэд өөрт ойрхон ямар ч арилжааны банкинд хандаж болно. Ингэхдээ иргэний цахим үнэмлэх, Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвөөс авсан маягт бөглөж, гарын үсэг зурж өөрийн харилцдаг арилжааны банкиндаа хандах аж. Материалаа бүрдүүлж өгснөөс долоо хоногийн дараа иргэний дансанд мөнгө нь шилжиж орох аж. Гэхдээ 300 мянган төгрөгийг нэг дор бус 100 мянгаар нь салгаж оруулна гэлээ.
Иргэдийн зүгээс зөвхөн өнөөдөр материалаа өгөхөөр банкинд оочер, дугаар үүсгэх шаардлагагүй гэдгийг онцолж байна. Эхэлж материалаа өгсөн иргэд л мөнгөө авна гэсэн зүйлгүй. Учир нь хувьцаа худалдаж авах үйл явц байнгын үргэлжилнэ гэдгийг санууллаа.
Дашрамд дуулгахад, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын хоёр сая 858 мянган иргэн эзэмшсэн билээ. Үүнээс давхардсан тоогоор 278 мянган оюутанд нийт 138 тэрбум төгрөг, 2011 онд эрүүл мэндийн даатгалын шимтгэл хэлбэрээр 615 мянган иргэнд нийт 4.8 тэрбум төгрөгөөр, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй 322 мянган иргэнд 322 тэрбум төгрөгөөр давхардсан тоогоор нэг сая 216 мянга 734 иргэнд 464.8 тэрбум төгрөгөөр хувьцааг нь мөнгөжүүлсэн байна. Эдгээрээс бусад нэг сая 650 мянган иргэний хувьцаа мөнгөжөөгүй байгаа юм. Эдгээр иргэн энэ удаад 30 хувиа Засгийн газарт худалдаж болно. Гэхдээ иргэн өөрөө хүссэн тохиолдолд л 30 хувиа худалдаж болох юм.
Сэтгэгдэл (2)