Гудамж төслийн хүрээнд ажил гүйцэтгэсэн 97 аж ахуйн нэгжээс 22 компани нь ажлын гүйцэтгэл болох 7.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг авч чадахгүй байгаагаас дампуурлын ирмэгт ирлээ гэсэн мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байгаатай холбоотойгоор Монгол Улсын Хөгжлийн банкны зүгээс албан ёсоор дараах мэдэгдлийг хийж байна.
Нийслэлийн авто замын уулзварууд ачааллаа даахгүй, түгжрэл үүсэх гол шалтгаан болохын зэрэгцээ эмх цэгцгүй уулзварууд ихтэй байгааг шинэчилж, өөрчлөх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас Гудамж төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж богино хугацаанд томоохон уулзваруудыг бүрэн шинэчилж, нэвтрэх чадварыг нэмэгдүүлснээр хотын түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулсан болно.
Нийслэлийн авто тээврийн хэрэгслийн тоо сүүлийн 4 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн хэдий ч авто замын нэвтрүүлэх чадвар нэмэгдүүлсэн, түгжрэл тодорхой хэмжээгээр буурсан зэргээс Гудамж төслийн үр дүнг харж болох юм.
Гудамж төслийн хүрээнд нийт 35 уулзвар, 34.5 км авто зам бүрэн шинэчлэгдэж энэхүү төслүүдийг хэрэгжүүлэхээр дотоодын 97 гүйцэтгэгч компани ажилсан ба Монгол Улсын Хөгжлийн банкнаас 130.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.
Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 46, 81 дүгээр тогтоолуудаар тус төслийг Засгийн газрын үнэт цаасыг арилжаалж бүрдүүлсэн хөрөнгөөр Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан санхүүжүүлэхээр баталсан. 2013-2015 онд Гудамж төслийн хүрээнд хэрэгжих авто зам, уулзварын барилгын ажил тус бүр дээр санхүүжүүлэгч болох Монгол Улсын Хөгжлийн банк, захиалагч болох Гудамж төсөл ба Гүйцэтгэгч компаниуд гурвалсан гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь ажлын гүйцэтгэлээ захиалагчаар хянуулсны үндсэн дээр санхүүжилтээ шууд авдаг байсан.
Гэтэл 2015 оноос эхлэн Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухайн онд санхүүжих дүнг жил бүрийн төсвийн тухай хуулийн хавсралтаар баталдаг болсон билээ. Ингэснээр гүйцэтгэгч компани нь хэдийгээр ажлаа хугацаандаа хийж гүйцэтгэсэн ч тухайн оны Төсвийн тухай хуульд санхүүжилт нь тусгагдаагүй бол санхүүжилтээ авах боломжгүй болсон.
Дээрх 22 компанийн хувьд ажлаа хийж гүйцэтгэсэн хэдий ч 2015-2016 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүйгээс санхүүжилтээ авах боломжгүй байдалд хүрээд байгаа юм.
Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй төслүүдийн санхүүжилтийг төсвийн тухай хуулиар батлах эрх зүйн зохицуулалтаас өмнө буюу 2013-2014 онуудад Гудамж төслийн хүрээнд нийт 30 төсөл амжилттай хэрэгжсэн бөгөөд төслийн гүйцэтгэлээ захиалагчаар баталгаажуулсан төслүүд санхүүжилтээ бүрэн авсан байдаг.
Сэтгэгдэл (1)