УДБЭТ-ын хамт олон Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн томоохон бүтээлүүдийн нэг болох "Трубадур" дуурийг өнөөдөр 17.00 цагт тоглох гэж байна. уг дуурь нь дөрвөн бүлэг найман үзэгдэлтэй. Энэ дуурийг анх 1853 оны 1-р сарын 19-нд Ромын Аполло театрт тоглож байсан бол даруй 140 гаруй жилийн дараа Монголын тайзнаа амилуулсан билээ. Дуурийг анх тавьсан тэр өдөр аймшигтай аянга цахилгаантай байсан гэдэг. Энэ нь дуурийн агуулгыг илүү тодруулж өгснөөс ч тэр үү "Трубадур" анх тавигдсан өдрөөсөө эхлэн өнөөдрийг хүртэл зуун дамжин үзэгчдийг байлдан дагуулсаар байна. Бидний амьдралын нэгэн хэсэг болсон олон аялгуу, дуу "Трубадур" дууриас эхтэй.
Иргэний дайны түүхэн цаг үе, түүний дунд хайр сэтгэл, өшөө хорсол, үзэн ядалт, баяр гуниг зэрэг хүний амьдралд тохиож болох сэтгэлийн олон янз хувирал, дотоод зөрчил, мөн чанарыг хөгжмөөр гайхамшигтай илэрхийлж чадсан "Трубадур" үзэгчдийг өөртөө бүрэн автуулах увдистай бүтээл юм.