СЭТГҮҮЛЧИЙН ЭРГЭЦҮҮЛЭЛ
Саяхан “Женко Баттулга” гэдэг номыг уншиж дуусгалаа. Бөх нөхөр яагаад бизнесмен болсон, улмаар Монголын парламентийн зангарагтай гишүүн болсон түүхэн замнал нь сонирхол татаад энэ номыг дэлгэж нүдээ чилээсэн хэрэг л дээ. Гэтэл уг номонд Баттулгаас илүү сонирхол татах, санаанд багтамгүй нэгэн түүхэн баримт нүднээ тусч гайхал төрүүлж билээ. БНХАУ-ын Зам тээврийн сайд улсдаа хурдны галт тэрэгний шинэчлэл хийх явцдаа олон жил авсан авлигын мөнгөөр хувьдаа 16 машин, 350 орон сууц худалдан авсан тухай энэ номонд дурдсан байлаа. Хятад улс “өрх бүр нэг хүүхэд” гэсэн хатуу, харгис гэмээр хүний эрх зөрчсөн хачин бодлого хэрэгжүүлдэг. Тийм болохоор эхнэр, ганц хүүхэдтэйгээ амьдардаг энэ сайд 16 машин, 350 орон сууцаар яадаг байнаа гэх бодол төрнө. Энэ сайдад 350 биш, 35 байр байж болох юмдаа гэж зөөлрүүлж бодсон ч гэсэн “арай л дэндэнэ” гэсэн хариулт шууд толгойд бууна.
Гэтэл Монгол улсын уул уурхайн салбар, Эрдэнэт хотод олон арван жил шударга хөдөлмөрлөж, сүүлийн 3 жил гаруй хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагаар томилогдон ажиллахдаа өмнөх олон арван жилийн бизнесийн шахаанд сульдаж, тамир нь тасраад байсан Эрдэнэт үйлдвэрийг тэнхрүүлэх гэж “чөмгөө дундартал” зүтгэсэн орлогч захирлууддаа талархал илэрхийлээд, багаараа ажиллаж эхлэхдээ хийсэн контрактын дагуу тэднийг Улаанбаатарт тус бүр нэг байр авах эрхээр урамшуулсан Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг монголчууд “хачин” нүдээр харах хэрэг байна уу? Тэд тус бүртээ 35 биш юмаа гэхэд 3 байр авчихсан бол харин шагширч болохсон.
Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж эхэлсэн үеэс л үйлдвэрт хэрэгтэй, хэрэггүй түмэн зүйлийн бараа материалын шахаа эхэлсэн гэдэг
Иймийн учир цааш өгүүлсү. Эрдэнэт үйлдвэр ашигтай ажиллаж эхэлсэн үеэс л үйлдвэрт хэрэгтэй, хэрэггүй түмэн зүйлийн бараа материалын шахаа эхэлсэн гэдэг. Шинээр томилогдож ирсэн ерөнхий болон орлогч захирлуудын танил хүмүүс, ах дүүсийн амьдрал тэр шахааны бизнес дээр жинхэнэ цэцэглэсэн он жилүүд саяхных шүү дээ. Тэд гэр бүлийн гишүүн бүрийн компанийн нэрээр есөн жорын юм авчирч тултал шахчихаад томилолтын хугацаа дуусаад нутаг буцахдаа хамаг картаа дүүртэл мөнгө юүлж аваад явсан гэдэг. Тэд Эрдэнэт үйлдвэрийн өнөөдрийн удирдлагууд шиг “Ил тод байх” зарчим мэдэхгүй, тийм ёс зүйгүй болохоор Эрдэнэт үйлдвэрийн дансыг улайлгаад ч хамаагүй хуу хамсан хэдэн зуун сая төгрөг, хэдэн мянган долларыг өөрийн овог нэрээр биш, “код” хэмээх хэдэн тоогоор халхавчлан авч одох нарийн арга ч сэдсэн гэх. Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ 8000-9000 долларт хүрч байсан он жилүүдэд тэдний тансаглал хэрээс хэтэрсэн. Үйлдвэрээс зувчуулсан мөнгөөрөө тэд хаана хэдэн байр худалдан авсныг монголын толгой хянагч нар л хүсвэл олж тогтоох байх даа.
Харин Эрдэнэт үйлдвэрийн өнөөдрийн удирдлагууд жаахан азгүй ч гэмээр хүмүүс юмуу даа. Монголын төр, засгийн удирдлагуудад өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд өмнөх олон жилийн шахааны бизнесийг таслан зогсоох их “тулаан” хийж үйлдвэрийнхээ эдийн засгийг сэргээмээр байдаг. Гэтэл өмнө нь дэлхийн зах зээл дээр 8800 ам. долларт хүрч байсан зэсийн үнэ ханш тэдний ажилласан 3 жилд бага багаар доошилсоор байгаад өнгөрсөн өвөл бүр 4515 ам.долларт хүрч буусан. Ийм хүнд үед “шаварт унасан шарын эзэд” л хамаг хүчээ гарган зүтгэдэг хойно доо, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн орлогч захирлуудтайгаа хамт уулын үйлдвэрээ унагачихгүйн тулд ухаанаа уралдуулан ажилласныг бид дэргэдээс нь ажигласаар өдий хүрч байна. Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагууд ажлаа хүлээн авсан 2013 он Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойн түүхт жил байлаа. Энэ ой ч яахав, шинэ он гарч байна, зах зээл дээр бараа бүтээгдэхүүний үнэ огцом өслөө, цалингаа л нэмүүлье гэх ажиллагсдын яриа өрнөж эхэлсэн. Түүнээс хойш Даваацэрэн захирал 3 удаагийн тушаалаар үндсэн цалинг 3 удаа, 7 удаагийн тушаалаар ажилтнууддаа 350.000 -1 сая төгрөгийн урамшуулал, нэмэгдэл олгох байдлаар өнгөрсөн 3 жилд нийт 29,4 тэрбум төгрөгийн шагнал, урамшуулал олгосон байна. Нийтэд нь шударга хуваарилж байгаа урамшууллын мөнгөнөөс хэн татгалзах билээ. Ерөнхий захирал тушаалд гарын үсэг зурлаа л бол шагналын сураг тэр өдөртөө амнаас ам дамжин Эрдэнэт үйлдвэрийн ажилтан, баялаг бүтээгч олон мянган хүний магнайг тэнийлгэнэ. Урамшууллаа аваад юунд зарцуулах, эсвэл хуримтлалдаа нэмэрлэх тухай бодно, төлөвлөнө. Эрдэнэтийн нэг өрх 5 ам бүлтэй гээд бодохоор Эрдэнэт үйлдвэрийн 6100 гаруй ажилтанд олгогдсон сая сая төгрөгийн урамшуулал Эрдэнэтийн хүн амын гуравны нэг буюу 30 гаруй мянган хүний хэрэгцээг хангадаг гэсэн үг. Үйлдвэрийн ажиллагсад цалин, урамшууллаа авах бүртээ “Уулын минь буян” хэмээн сэтгэл оюундаа залбирдаг нь сэтгүүлч бидний уулзаж ярилцсан олон арван хүний ярианаас тод харагддаг юм.
Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагууд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом уначихлаа, одоо яах билээ гэж гараа хумхиж гасалж суусангүй. Харин ч эдийн засгийн хямралын эсрэг авах арга хэмжээний төлөвлөгөөг олон хувилбараар хийж, шат шатанд нь тохирох арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байгаа. Энэ төлөвлөгөөний дагуу ажилласан Д.Даваасамбуу захирлаар ахлуулсан “Онцгой комисс”-ын гишүүдэд зүгээр талархал илэрхийлэх ч багадна. Үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулагдан ажилласан “Онцгой комисс” зөвхөн үйлдвэрлэлд нэн шаардлагатай тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл худалдан авахыг зөвшөөрч бусад дэл сул бараа материал, ялангуяа хэн нэгний нэр нүүрээр хийх гэсэн шахааны бизнесийг “цээжээрээ хааж” зарим гэмгүй нөхөдтэйгээ “тангараг тасрахад” хүрсэн ч гэж дуулдсан. Ц.Даваацэрэн, Д.Даваасамбуу зэрэг жинхэнэ “Горняк”-ууд цагаа тулахаар уулын үйлдвэрийн ирээдүй, тэнд өдөр шөнөгүй хүчээ дайчлан ажилладаг уурхайчдыг ямар ч эрсдлээс хамгаалахад бэлэн байдаг нь энэ мэт олон зүйлээс ажиглагддаг. Эрдэнэт үйлдвэрийг үеийн үед ийм л хүмүүс удирдаасай гэж ярих ажилчинтай ч таарсан.
Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагууд дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом уначихлаа, одоо яах билээ гэж гараа хумхиж гасалж суусангүй
Ц.Даваацэрэн захирал олны өмнө гарч “шахааны бизнес” гэж ярих бүртээ чин сэтгэлээсээ уурсан дуугаа өндөрсгөж байхыг олонтаа харлаа. Энэ бол шударга хүний зан л даа. Ямартаа л 2013 онд шинэ ажил хүлээн авсны дараа Эрдэнэт үйлдвэрт шахаа хэрээс хэтэрснийг хараад байж ядахдаа үйлдвэрээс их хэмжээний мөнгө урьдчилж авчихаад “шилээ харуулан” ор сураггүй алга болсон 105 компаний нэрийг хар дансанд бичиж төв, орон нутгийн сонин хэвлэлд нийтлүүлж, олон нийтэд зарлан нэр хүндэд нь халдах арга хэрэглэхэв дээ. Улмаар Эрдэнэт үйлдвэрт “Өр барагдуулан алба” байгуулж, үндэсний том үйлдвэрийг үгүйрүүлэхээ шахсан тэр олон арван тэрбум төгрөгийн араас орон тооны ажилтнууд хөөцөлддөг тогтолцоо бий болгосон. Ингэснээр өнгөрсөн 3 жилд нийт 43 тэрбум төгрөгийн өр барагдуулж чадсан нь бага ажил уу?. Үнэндээ Эрдэнэт үйлдвэрийн өмнөх захирлуудын үед нэг бодит явган яриа гарсан юм даг. Монголын урлаг, спортын одууд, парламентийн гишүүд, нэр төртэй бизнес эрхлэгчидтэй уулзъя гэвэл олон газар руу хайж гүйх хэрэггүй, Эрдэнэт үйлдвэрийн Худалдааны асуудал хариуцсан орлогч захирлын ажлын өрөөний үүдэнд очиход л дээрх эрхмүүдтэй бүгдтэй нь уулзана гээд инээцгээдэг байлаа шүү дээ. Учир нь тэд элдэв наймаагаа шахах гээд тэр хаалганы гадаа дараалан суудаг байсныг Эрдэнэтийнхэн сайн мэднэ. Ц.Даваацэрэн захирал Эрдэнэт үйлдвэрийг удирдаж эхэлсэн цагаас тэр урт дарааллын гинжийг тушаалаараа тас татсан юм. Одоо Монголын одууд бараа шахах биш, бөх барилдах, урлагийн тоглолтоо үзүүлэх гэж, парламентийн гишүүд төрийн ажлаар хааяа ирэхдээ Эрдэнэт үйлдвэр биш, Эрдэнэт хотын удирдлагуудтай түншилж байгаад буцдаг болсон байна. Тиймээс ч Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн 2016 оны 04-р сарын 01-ний өдөр УИХ-ын дарга З.Энхболд Орхон аймагт ажиллах үеэр Уурхайчин соёлын ордонд хөдөлмөрчидтэй хийсэн уулзалт дээр “Би таны өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж, Эрдэнэт үйлдвэрт хэрээс хэтрээд байсан шахааны бизнесийг зогсоож чадсан. Саяхан 2-р сарын 26-нд би яг энэ индэр дээрээс Эрдэнэт үйлдвэрийн удирдлагуудаар тайланг нь тавиулсан. Энэ тайлангаар 259 тэрбум төгрөгийн үр ашгийг манай баг авчирчээ. Бид шахааны бизнесийг зогсоогоод, дээр нь хэмнэлтийн бодлого хэрэгжүүлээд олсон энэ үр ашгаас үйлдвэртээ 90 хувийг нь үлдээж, 10 хувийг нь би ажилчиддаа болон хэмнэлтийн багийнхандаа шагнал болгож өгсөн” гэж ам бардам хэлнэ билээ. Түмний өмнө ил тод, шударга ажиллаж, хийсэн ажил хэлэх үгтэй байх ийм агуу ажээ.
Энэ оны 2-р сарын 26-нд Уурхайчин соёлын ордонд болсон 2013-2015 оны ажлын тайлангийн хурал дээр Даваацэрэн захирал өнгөрсөн 3 жилд гар нийлж, амжилтай хамтран ажилласан орлогч захирлуудаа тайзанд урьж гүн талархал илэрхийлж байхыг бид харсан. Уул уурхайн салбарын ажилд дэндүү сайн мэргэшсэн, уулын инженер-механикД.Даваасамбууд үйлдвэрлэлээ даатгаж, Эрдэнэт үйлдвэрийн эдийн засгийн алдаа эндэгдэлд дүгнэлт хийж, цаашид чамбайруулах мэдлэг боловсрол, дадлага туршлага хуримтлуулсан мэргэжлийн эдийн засагч Б.Алтанхуягт үйлдвэрийнхээ мөнгөн сангийн “авдарны” түлхүүрийг атгуулсан. Монголын шилдэг бизнесменүүдийн нэг Б.Намхайнямбуугаар хөгжлийн бодлогоо тодорхойлуулах итгэл хүлээлгэсэн. Эрдэнэтэд 30 жил ажиллаж амьдрахдаа сэтгүүлч мэргэжлийнхээ ач буянаар Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын ажил, амьдралын салаа мөчир бүрийг сурвалжлан судалчихсан мэргэжлийн сэтгүүлч, судлаач С.Сувдаагийн бүсгүй хүний мяндсан ухаан Эрдэнэт үйлдвэрийн нийгмийн бодлогыг тодорхойлоход нэн тустай гэж үзэн Нийгмийн асуудал хариуцсан орлогчоор Монгол улсын Төрийн өмчийн хороо томилон ажиллуулсан хэрэг. Харин хамгийн их хэл ам дагуулдаг, шахааны бизнест амташсан олон зуун хүний хөлд дарагддаг Худалдааны асуудал хариуцсан орлогч захирлаар эхлээд өндөр боловсролтой, ёс суртахуунтай залуу Х.Өлзий-Орших томилогдон ажилласан. Дараа нь Монголын төрийн өмчит байгууллагад онцсайн ажилласан гэх тодотголтой Б.Болдбаатарыг Худалдааны асуудал хариуцсан орлогч захирлаар томилон дээрх адармаатай ажлыг хийлгэсэн. Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ингэж л багаа бүрдүүлсэн хүн дээ. Түүндээ ч сэтгэл хангалуун байх юм билээ.
Даваацэрэн захирал ер нь хүч чадлыг нь үнэлээд, эсвэл аз ёндоог нь сориод хүмүүст байр олгох бүртээ сэтгэл нь ер бусын их догдолж харагддаг. Шинэ жилийн баяр болгоноор үйлдвэрийн бүх ажиллагсдын табелийн дугаар хуйлж хийсэн хүрд рүү гараа оруулан шинэ байрны азтанг тодруулахдаа “Хэрэв миний табелийн дугаар гарч ирвэл сугалаа хүчингүй, дахиж сугалана. Орлогч захирлууд маань ч ингэх байх гэж бодож байна” гээд сугалаагаа татдаг. Байрны аз таарсан ажилтанг тэр даруй гэрээс нь дуудаж ирээд түлхүүрээ гардуулна. Уурхайчид түүний энэ шударга занг их хүндэлдгийг олон хүний ярианаас сонслоо. Энэ мэтчилэн азын сугалаагаар өнгөрсөн 3 жилд 3 айлын 20-иод хүнийг шинэ байртай болгосон.
Тэрээр Эрдэнэт хотод шинээр баригдаж ашиглалтанд оруулсан шинэ байруудад банкны зээлээр орсон 1450 гаруй ажилтан тус бүрт 8 сая төгрөг буюу нийт 11,6 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлсэн байна. Мөн үйлдвэрийн өрөнд хураан авч өөрийн хөрөнгөөр засаж шинэчилсэн Дэнж, Говил багийн байруудад ажилчдаасаа 64 айлыг түрээсийн орон сууцанд ямар ч урьдчилгаа төлбөргүйгээр оруулсан нь том сюрприз байлаа. 2015 онд бас 9 айлыг шинэ гэртэй болгож баярлуулав.
Цаашлаад “Эко-400”, “Залуус-600”, “Москва-300” орон сууцны хороолол барьж үйлдвэрийн ажиллагсдаа орон сууцтай болгох асуудлыг Зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлж, Орхон аймагтай хамтран үр дүнтэй ажилласны үр дүнд тэдгээр хорооллыг барих газрын асуудлыг аль эрт шийдүүлж шав тавьсан.
Өмнө нь Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын удирдлагууд ГОК, Город гэж хоёр тийш харчихаад хамтарч ажиллаж чадахгүй бие биедээ ихэрхдэг байсан он жилүүдийг бид мартаагүй. Тэр жилүүдэд Эрдэнэт хотын хөгжил бараг л зогссон доо. Учир нь, ГОК гэдэг саалийн үнээ Городод “сүүгээ уулгахгүй” нэлээн хэдэн жил тунисан юм даг. Одоо харин Эрдэнэтийнхэн “ГОК” үнээний сүүг үйлдвэрийн ажилчдын цалин урамшуулал, хөрөнгө оруулалт, нийгмийн үйлчилгээ зэрэг олон хэлбэрээр хүртэж жилээс жилд өнгө засаж, өөдлөн дэвжиж байна. ГОК, Городын хамтын ажиллагаа сайн, муу байх нь ийнхүү Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын тухайн үеийн удирдлагуудын харилцаан дээр тогтдог гэж дүгнэж болно. 2013 оноос хойш Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн “Эрдэнэтийн овооны буян хишгийг Эрдэнэтийнхэн арай илүү хүртэх ёстой” гэсэн зарчим баримтлан Орхон аймгийн удирдлагуудтай харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах 2013-2017 оны гэрээнд гарын үсэг зурсан. Үүний дагуу хийсэн ажлын үр дүнд Орхон аймгийн орон сууцны хорооллууд өнгө засч, зам талбай өргөжин толийж, иргэд олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн үйлчилгээ авах шинэ эмнэлэгтэй болсон гээд ярих, бахархах зүйл ихтэй болжээ бид. Энэ бүхэн “Эрдэнэтийн овоо” уулын буян, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагуудын итгэл зүтгэл, сайн санааны хаялага юм даа.
Энэ бүхэн “Эрдэнэтийн овоо” уулын буян, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагуудын итгэл зүтгэл, сайн санааны хаялага юм даа
Нэг зүйлийг бас нэмж хэлмээр санагдлаа. Эрдэнэт хотын 35 жилийн ойн баяраар аймгийн тухайн үеийн удирдлагууд хятад цаг авчирч шахаад Орхон аймгийн иргэдийг нэлээн бухимдуулж билээ. Гэтэл Эрдэнэт үйлдвэрийн 35 жилийн ойн өмнө Даваацэрэн захирал үйлдвэрийнхээ ажилтан тус бүрт ямар нэгэн шахааны бараа биш 300-350 мянган төгрөгийг 3 удаа, нийт нэг сая төгрөг өгч уурхайчдынхаа алгыг мялаасан юмдаг. Тэр мөнгөөр хүмүүс ханын хятад цаг авсан нь юу л бол, арай өөр амин чухал хэрэгцээгээ хангасан нь мэдээж. Тэр үед мөн л олон тэрбум төгрөгийг ажиллагсаддаа тарааж өгчихөөд “доллараар бороо орууллаа” гэсэн шүүмжлэлд өртөж билээ. Ерөнхий захирал үйлдвэрийн ажиллагсад болон удирдах багийнхандаа олгосон энэ мэт урамшууллын талаар ярихдаа “Шахааны бизнесийг зогсоож чадсан болон хэмнэлтийн бодлогын хүрээнд олсон ашгаас би уурхайчиддаа олгосоор ирсэн нь үнэн” гээд УИХ-ын даргын өмнө саяхан айдасгүйгээр түс тас хэлчихнэ билээ.
Энэ бүхнийг өгүүлэхийн учир, Эрдэнэт үйлдвэрийн зарим удирдлагууд Хятадын зам тээврийн сайд шиг 350 биш, 35 биш, 3 ч биш, тус бүр ганцхан байрыг улсынхаа нийслэлд үйлдвэрийн Ерөнхий захиралтай хийсэн хууль ёсны контрактын дагуу үүргээ биелүүлээд урамшуулал болгон хүртсэн байна. Юу нь буруу гэж. Тэд ГОК-д шахаа хийсэнгүй, эдийн засгийн хүнд үед Эрдэнэт үйлдвэрийг элгээр нь хэвтүүлчихсэнгүй, харин ч үйлдвэрээ өнгөрсөн 3 жилд 259,5 тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажиллуулж, үр дүнтэй ажилласан. Байр авсан гэрээ, гарын үсэг нь тоон кодоор биш овог нэрээр нь ил тод үлдсэн байна. Хэзээд ил тод, шударга байх зарчимтай хүмүүсийн үйлдэл бүхэнд “хар толбо” үгүй. Бухимдах юун. Харин ч гадаад, дотоод зах зээлд эдийн засгийн хямралтай байгаа өнөөгийн хүнд үед Эрдэнэт үйлдвэрийг шахааны бизнесээс салгасан, хэмнэлтийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлсэн, Өөрөө нунтаглах хэсгийг хугацаанд нь ашиглалтанд оруулж Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадлыг жилд 32 сая тонн хүдэр боловсруулах хэмжээнд хүргэсэн, үйлдвэрийн техник технологийн шинэчлэлүүдийг амжилттай хэрэгжүүлсэн, Монголчуудын эрүүл энхийн төлөө дэлхийн жишигт нийцсэн шинэ эмнэлэг ашиглалтанд оруулсан гээд олон арван шинэчлэл хийж Эрдэнэт үйлдвэрийг тэнхрүүлсэн удирдлагууддаа бүгдээрээ талархал илэрхийлэх нь зүйд нийцнэ. Сайн санаа бүхэн сайн үйлс болон дэлгэрдгийн нигуур энэ буюу.
Ж.ОЮУН
Сэтгэгдэл (25)