Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс олон тэрбум төгрөг шамшигдуулсан хэргээр хоёр шатны шүүхээс 4.6 жилийн ял сонссон Л.Гансүхийн хэргийг Улсын Дээд шүүх авч хэлэлцээд Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оноосон 4.6 жилийг 3.6 жил болгон бууруулж, жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргасан билээ.
Тэгвэл Л.Гансүх хорихоос өмгөөлөгчөөрөө дамжуулан ерөнхийлөгчид захиа бичжээ. Түүний хорихоос бичсэн захидлуудаас онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Баримт 1. Гэр хорооллын иргэддээ Нүүрсийг шигшиж, шуудайлж өгөх Шинэчлэлийн Засгийн газрын ажлыг зохион байгуулсан миний бие болон, байгуулсан гэрээний үүргээ ямар ч зөрчилгүй биелүүлсэн компаний захирал Даваахүү бид нарыг гэрээнд байхгүй үнийн зөрүүгээр 1,1 тэрбум төгрөгийн хохирол Багануур компанид төлөх, намайг 3,6 жил шоронд хорих, 4 жил төрд ажиллах эрхийг хасахаар шүүх эцэслэн шийдвэрлэлээ.
Баримт 2. Шинэчлэлийн Засгийн газрыг, ерөнхий сайд Алтанхуягийг унагахын тулд улс төрчдийн захиалгаар энэ зохиомол хэргийг үүсгэн АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийг ашиглан энэ хэлмэгдүүлэлтийг хийлээ.
Баримт 3. Хөтөлбөрийн хүрээнд Багануурын уурхай нэг ч төгрөгний зардал гаргаагүй.
Баримт 4. Харин ч шигсэн нүүрсүүдийг цааш нь үнэ нэмж зарж 3 тэрбум төгрөгийн ашиг олсон.
Баримт 5. Түүгээр ч зогсохгүй Засгийн газар 18.6 тэрбум төгрөгийн зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож 400 сая тоннын нөөцөө хувийн компанид алдсанаа Засгийн газраар шуурхай шийдвэрлүүлж авсан.
Баримт 6. Эдийн засгийн хувьд ихээхэн чадавхижиж 2014 онд ажилчдаа 5 сарын цалингаар урамшуулж байсан.
Баримт 7. Мөнгөнтуяаг 6 сар шоронд хорьж, 2 жил хэлмэгдүүлээд эцэст нь Дээд шүүхээс цагаатгалаа.
Баримт 8. Энэ улс төрийн захиалгат зохиомол хэргийн үнэн учрыг Монголын ард түмэн 5 хоногийн шүүх хурлаас харж, биднийг үнэндээ цагаатгасан гэдэгт итгэдэг.
Баримт 9. Намайг дэмжиж ирсэн бүх хүмүүст талархлаа илэрхийлье.
Баримт 10. Гансүх миний бие ард иргэдээ хямд нүүрсээр хангах ажлыг зохион байгуулсны төлөө зохиомол хэргээр хэлмэгдэж улс төрийн хэрэгтэн боллоо.
Баримт 11. Би цаашдаа ч ард түмнийхээ төлөө зүтгэнэ ээ, тэгэхдээ хийгээгүй хэргийн төлөө уучлал хүсэхгүй, энэ “ял”-ыг эдэлж дуусгах болно гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Л.Гансүх “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд хувьдаа мөнгө завшсан хэрэгт буруутган, цагдан хоригдоод байхдаа буюу 2015 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр мөн захидал бичиж байжээ. Тэрбээр тухайн үед Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүгч Х.Идэр, Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Отгонбаяр нарт холбогдуулж гомдол гаргаж байгаагаа захидалдаа өгүүлж байв. Түүний бичиж байсан захидлаас онцлох ишлэлийг хүргэж байна.
Баримт 12. Шүүх хуралд гэрчээр дуудсан Ш.Ичинхорлоо, М.Отгонбаяр нар ирээгүй, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасны төлөө 2015 оны есдүгээр сарын 2-ноос 10 хүртэл үндэслэлгүйгээр цагдан хорьж байна.
Баримт 13. Монгол Улсын Үндсэн хууль, шүүхийн захиргааны тухай хууль, шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Эрүүгийн байцаан шийтгах хуульд зааснаар шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Гэтэл дээрх гурван шүүгч шүүх эрх мэдлийг шоронд хэрэгжүүлэх буюу хорих 461 дүгээр ангид шүүх хурлыг хийх шийдвэр гаргасан нь дээрх хуулиуд болон өргөсөн тангаргаасаа няцсан увайгүй үйл явдал боллоо гэж үзэж байна.
Баримт 14. Надад холбогдох шүүх хурлыг нээлттэй, шүүхийн ерөнхий зөвлөлийн зүгээс олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулахыг зөвшөөрсөн хариу өгсөн. Уг шүүх хурлыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан үзүүлэхгүйн тулд, Авлигатай тэмцэх газрын олон хууль бус үйлдлүүдийг ил болохоос хаацайлж, сэтгүүлч нарыг уг хуралд оруулахгүйн тулд АТГ-т барьцаалагдсан шүүгч Х.Идэр нар ийм шийдвэр гаргалаа.
Баримт 15. АТГ-т барьцаалагдсан гэдэг нь миний хэргийг шүүхэд шилжүүлэхийн өмнөхөн шүүгч Х.Идэрийн төрсөн ах Х.Тамирыг хар тамхины хэргээр барьсны дараахан миний хэргийг дүү дээр нь хуваарилуулсан. Өөрөөр хэлбэл ахаар нь барьцаалж дүүг нь хүссэнээрээ хөдөлгөж байна. Энэ бүгдийг маш нарийн зохион байгуулалттайгаар хийсэн.
Баримт 16. Албан тушаалаа ашиглаж захиалгаар, үндэслэлгүйгээр дээрх олон хуулийг зөрчин өргөсөн тангаргаасаа няцан шүүх эрх мэдпийн нэр хүндийг унаган шоронд шүүх хурал хийх шийдвэр гаргасан Х.Идэр нарын гурван шүүгчид хариуцлага тооцож өгнө үү" хэмээн бичжээ.
Л.Гансүх 2014 оны 08 сарын 20-ны өдөр Төв аймаг дахь цагдан хорих ангид хоригдож байхдаа анх Монгол улсын Ерөнхийлөгч, УЕПГ, Хүний эрхийн үндэсний комисс, УИХ дахь АН-ын бүлгийн дарга нарт хандан захидал бичиж байв. Түүний захидлаас онцлох ишлэлийг хүргэж байна.
Баримт 17. Авлигатай тэмцэх газрын удирдлагууд Засгийн газраас хэрэгжүүлсэн нүүрс хөтөлбөрийг мушгин гуйвуулж намайг олон тэрбум төгрөгөөр улсыг хохироосон, охиныхоо компаниар дамжуулан олон тэрбум төгрөг завшсан мэтээр зохиомол хэрэг үүсгэн хэлмэгдүүлэн хорилоо.
Баримт 18. Ахлах зөвлөхийн албан тушаал нь ямар ч шийдвэр гаргах эрхгүй, тэр дундаа мөнгө захиран зарцуулах мэдэлгүй байдаг.
Баримт 19. Энэ хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд Улаанбаатар хотын иргэдийн халаасанд 50 тэрбум орчим төгрөгийн хуримтлал үлдээсэн юм. Энэ хөтөлбөрт нэг ч төгрөг улсаас гаргаагүй учраас, улсын хөрөнгөөр худалдан авалт, үйлчилгээ хийгээгүй болохоор менежмент хийх аж ахуйн нэгжийг ерөнхий сайдын шийдвэрээр шууд сонгосон юм. Өөрөөр хэлбэл, компанийн сонголт хууль зөрчөөгүй.
Баримт 20. АТГ-ынхан Төрийн аудитын ажилтан Ичинхорлоог хууль зөрчүүлэн хамсаатнаа болгон өөрсдийн хүслээр Гансүх 3.6 тэрбум төгрөгөөр Улсыг хохироосон мэтээр дүгнэлт гаргуулан нийтэд зарлалаа. Шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад зохиомол дүгнэлтээ нийтэд зарлаж буй нь бас л хууль зөрчсөн үйлдэл.
Баримт 21. Ичинхорлоо менежмент хийсэн компанид нэг тонн нүүрсийг 27500 биш 39000 төгрөгөөр өгөх байсан. Үүний зөрүүгээс болон УБ хотод дахин шигшихэд ялгасан саарал чулуу, үлдсэн нунтаг нүүрсийг жинд оруулаагүй зэргээс улсыг 3.6 тэрбум төгрөгөөр хохироосон гэжээ. Уг нь Ичинхорлоо 27500-гаар нэг тонн нүүрсийг менежментийн компанид өгөх шийдвэрийг ЗГ гаргасан, Гансүх гаргаагүй.
Баримт 22. Шигшсэн нүүрснээс үлдсэн нунтаг нүүрсииг Багануурын уурхайн охин компани "Багануур илч" ХХК хүлээн авч цааш нь цахилгаан станц, уурын зууханд зардаг байсныг Ичинхорлоо маш сайн мэдэж байсан хирнээ ийм дүгнэлт гарган АТГ-тай хамтран гэмт хэрэг үйлдлээ."Багануур илч" болон "Эм Жи Эл Эс Би" компаниуд нүүрсийг өдөр бүр вагон болгоноос гарсан шуудайны тоогоор акт үйлдэж хүлээлцэж байсан. 2-3 давхар хяналт бүртгэлтэй нэг ч шуудайг дутаах аргагүй юм.
Баримт 23. АТГ-ын мөрдөн байцаагчид хэрэг зохиохдоо мөн түүнийгээ хэрэгжүүлэхдээ маш олон бохир технологид (хууль зөрчсөн) гаршсаныг өөрийн биеэр үзлээ. Төрийн болон хувийн ямар ч байгууллагаар хохирогчоо буруутан болгох дүгнэлтүүдийг хүссэнээрээ гаргуулдаг юм байна. Энэ нь бүгдээрээ хууль зөрчсөн үйлдлүүд юм. Үүний жишээ нь Ичинхорлоогийн хийсэн дүгнэлт юм. Хүний эрхийг зөрчих, хууран мэхлэх ч энүүхэнд юм байна.
Баримт 24. Дахин хэлэхэд АТГ-т Засгийн газраас хэрэгжүүлсэн иргэдийнхээ халаасанд 50 орчим тэрбум төгрөг үлдээсэн, Багануурын уурхайдаа ашигтай, 700 орчим өндөр цалинтай ажлын байр бий болгосон, иргэдээ гэрийнхээ хажуунаас ялгаж шигшсэн чанартай нүүрсийг хямд үнээр авах боломж олгосон энэ хөтөлбөрийг мушгин гуйвуулж зохиомол хэрэг үүсгэхээс өөр ажил байхгүй юм гэж үү!!!
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (31)