Монголын эдийн засгийн форум 2016 "Сургамж, сорилт, шийдэл" уриан дор Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилж өнгөрсөн пүрэт гарагт хаалтаа хийсэн. Тэгвэл энэхүү формын үеэр төрийн өндөрлөгүүдийн хэлсэн онцлох 24 ишлэлийг хүргэж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Монголын эдийн засгийн форумын нээлтийн үеэр хэлсэн онцлох ишлэл:
Баримт 1. Улаанбаатарт гарах шийдвэр Бээжин, Москвагийн аль нэгэнд эхэлж шийдэгддэг үе өнгөрөөд 26 жил боллоо.
Баримт 2. Эдийн засгийн үүлэн чөлөөний нарны үр ашгийг хувааж идээгүй бол энэ хүндрэл ийм хүчтэй ирэхгүй байсан. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж явуулаагүй бол гай зовлонг тойрох л байсан. Ядаж л Оюу толгойн 2 дахь шатыг явуулж байсан бол одоогийнхоосоо хоёр дахин дээр суух байлаа.
Баримт 3. Өнөөдөр уул уурхай, байгалийн баялагийн экспорт дээр суурилсан манайтай адил бүх эдийн засгууд хүчтэй хямарч байна.
Баримт 4. Намаараа, улсаараа, нийтээрээ улс төр эдийн засгийн сэтгэлгээгээ эрүүлжүүлэхгүй бол улс төр, эдийн засаг эрүүлжихгүй байна.
Баримт 5. МАН-ын Засгийн газрын үед 11,3 тэрбум, АН-ын Засгийн газрын үед 9,9 тэрбумын нийт гадаад өр бүртгэгджээ. Үүнээс өнөөдрийн байдлаар Засгийн газарт хамаарах нь 4,9 тэрбум долларын зээл байна. Засгийн газарт хамаатай энэ мөнгөнөөс МАН-ын Засгийн үед 2,3 тэрбум орчим долларыг нь улс төрийн зорилготой халамжид бэлнээр тараажээ. Идсэн уусан гээгүй шүү, битгий мушгиарай.
Баримт 6. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн “Эм Си Эс” компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын “Мак” компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн “НИК”, “Петровис” компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм.
Баримт 7. Өрийн тухай яриагаар өөрсдийгөө өдөж явахын оронд өөрийнхөө тавьсан өрийн дороос өндийж авбал дээргүй юу, улс төрч нөхдөө. Та бүхний өөрсдийнхөө эрсдэлээр авсан өр зээлийг чинь жирийн иргэд харин төлөх ёсгүй гэдгийг энд хатуухан хэлчихье.
Баримт 8. Ардын нам ардаа айлгах тактикаар сонгуулийн компаниа хийх шаардлагагүй гэдгийг энд зориуд онцолъё. Сонгуулийн компани нэг өдөр л дуусна. Монгол Улсын нэр хүнд имиж дуусахгүй үргэлжилнэ гэдгийг санацгаа.
Сургамж, сорилт, шийдэл уриан дор явагдаж байгаа форумын хоёр дахь өдрийн нээлт Ерөнхийлөгч үг хэлснээр эхэлсэн юм. Түүний хэлсэн онцлох ишлэл:
Баримт 9. Монголын байршил, зам хэцүү. Монголд боломж олон олдоод байдаггүй. Аманд орсон шар тосыг хэлээрээ битгий түлхээрээ гэж үр хүүхдэдээ захиж хэлсэн. Үнэхээр түүхий эдийн үнэ өндөр байсан тэр үед “аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй. Одоо зарим этгээд үүн дээр улс төр хийж, жүжиглэж байна.
Баримт 10. Ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, ард нь байсан ашиг орлогыг алга болгосныхоо төлөө бүжиг, хийж наадах хэрэггүй. Монголын залуу үе ийм зүйлд автвал дахиад бид алдах болно. Улстөрчид үнэхээр хариуцлагагүй байна.
Баримт 11. Нэг УИХ-ын гишүүн “Би том төсөл зогсоосноороо бахархдаг” гээд мэдэгдэл хийж байсныг санаж байна. Эм тарианы мөнгөгүй болоод явж байгаа иргэд сонгогчдодоо тэр УИХ-ын гишүүн бодоогүй юм байх даа.
Баримт 12. Эдийн засаг бодитой, мөнгөөр хэмжигддэг. Улс төр бол мэдэгдэл, дүр эсгэсэн хандлагад халхавчлагдаад явж болно. Эдийн засгийг халхавчлах ямар ч боломжгүй. Тийм учраас бодитой, хохирол нь мөнгөөр гардаг.
Баримт 13. Хүндрэлд яаж орсон. Тэр байдлаараа гарна. Хүндрэлээс гарах арга замаа олоод ажил хэрэг болгон, сургамжлах хэрэгтэй. Би хүндрэлээс удаан хугацаанд зовлонтой замаар гарна гэж бодож байгаа. Эндээс гарах эд шидийн зам байхгүй. Ид шид амлаж байгаа хүмүүсийн үгэнд хууртвал дахиад бид хүндрэлд орно.
Баримт 14. Манай сонгогчид хэрсүү, өнгөнд хууртахгүй болж байгаа. Бид нэгнийхээ амжилтад алга ташдаг байдал алга болсон. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын хөрөнгийн бирж дээр итгэл хүлээгээд мөнгө босгож байгаа тэр бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл. Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийх гэсэн хүн улс төрийн мөн тийм л аргаар хийх гэж оролддог юм байна.
Баримт 15. Улс төрд хариуцлагын тогтолцоо бүрдэхгүй байна. Улс төрд хэцүү ажил хийх гэж ордог гэж бий хэлдэг. Янз бүрийн амьтныг аргалах гэж шийдэл хэрэг болдог. Монголын зовлон гаднаас биш. Дотроосоо байна. Эдийн засгийн хүндрэл бол Монголд эдийн засгаас биш улс төрөөс болж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн чуулганаар улс төрийн асуудал ярих ёстой.
Баримт 16. УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийж чадахгүй байна. Цацраг идэвх бодистой холбоотой асуудлаар болно, болохгүй гээд хоёр тийшээ хараад суучихсан байгаа. Ийм зүйл болгоомжтой ханд гэж би энэ хүмүүст хэлж байгаа. Үүний оронд Хариуцлагын, Төрийн албаны тухай хуулиа ярь л даа. Ерөнхийлөгчөөсөө эхлээд жирийн иргэн хүртэл хариуцлагатай байя.
Монголын эдийн засгийн форум хоёр өдөр үргэлжилж, өнгөрсөн пүрэв гарагт хаалтаа хийсэн. Эдийн засгийн форумыг УИХ-ын дарга З.Энхболд хааж, үг хэлсэн юм. Түүний үгнээс онцолж байна.
Баримт 17. Дэлхийн эдийн засаг эмзэг байгаа, мөн дэлхийн томоохон орнуудын эдийн засгийн өсөлт өмнө төсөөлж байснаас муу байгаа тухай ОУВC энэ 3 дугаар сарын эхээр анхааруулсан.
Баримт 18. Ялангуяа, манай гол түнш БНХАУ-ын гадаад худалдаа өмнөх жилээс буурсаар байгаа нь эдийн засагт багагүй эрсдлийг учруулж байна.
Баримт 19. Өнөөдөр манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67 хувь, экспортын 79 хувь нь уул уурхайгаас хамаарч байна.
Баримт 20. Эдийн засаг байнга 2 оронтой тоогоор өсөөд байдаггүй, xүссэнээрээ газар ухаад, нүүрс зараад өндөр ашиг олоод байж болдоггүй, бага хүүтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр байнга олдоод байдаггүй гэдгийг дан ганц Монгол биш, дэлхий нийтээрээ ойлгож авлаа.
Баримт 21. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй.
Баримт 22. Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон нь Монголын төрийн, үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газруудын алдаа юм. Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа.
Баримт 23. Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын Их Хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна.
Баримт 24. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр Тавантолгойн ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй.
24tsag.mn Б.Энхжин
Сэтгэгдэл (15)