“Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ч.Сүрэнхорлоо болон “Монголын төмөр замын инженерүүдийн холбоо” ТББ-ын ажилтан Лхагвадорж “Транском” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян нар хийсэн ажлынхаа хөлсийг нэхэн хэвлэлийн бага хурал хийлээ.
Тэд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад ул шорооны ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулж оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүйн улмаас санхүүгийн хүндрэлд орж, зарим компани дампуурлаа зарлахдаа тулаад байгааг онцоллоо.
БНСУ-ын “Самсунг СТ” компани “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хооронд байгуулагдсан гэрээний дагуу газар шорооны ажлын 119 сая ам долларын санхүүжилт 100 хувь олгогдсон байна. Чингис бондын 200 сая ам.доллараас санхүүжилт өгч БНСУ-ын компанийн дансанд хэдийн орсон гэдгийг Ч.Сүрэнхорлоо хэллээ. Гэтэл өнөөдрийг хүртэл туслан гүйцэтгэгч нар мөнгөө авч чадахгүй байгаа аж. Үүнээс болоод зарим компани авсан зээлээ, цалингаа тавьж чадалгүй дампуурахад хүрч, амиа хорлохыг завдах хүртэл байдал дордсон юм.
Шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажилд концессын гэрээний дагуу шалгараад байсан “Энержи ресурс рейл” ХХК-ийн эрхийг цуцлан, эрх шилжүүлэх гэрээ байгуулан “Монголын төмөр зам” ТӨХК, БНСУ-ын “Samsung CT” компани энэхүү ажилд шалгарсан байдаг. Улмаар“Эсто” ХХК, “Нутгийн буян” ХХК, “Бидний зам” ХХК, “Транском” ХХК зэрэг үндэсний 13 компанитай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, нийтдээ 11.7 сая метр куб ул шорооны ажлыг 137.2 тэрбум төгрөг буюу 70 сая ам доллароор хийж гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг. Гэтэл үндэсний 13 компанитай нэгж метр куб ул шорооны ажлыг 8500 төгрөг буюу таван ам доллараар хийж гүйцэтгэхээр гэрээлсэн “Samsung C&T” компани “Монголын төмөр зам” ТӨХК-тай нэг метр куб ул шорооны ажлыг 9.9 ам.доллараар тооцон гэрээ байгуулжээ. Зөвхөн гэрээний үнийн дүнгийн зөрүүнээс хамаарах 4.9 ам доллараас БНСУ-ын “Самсунг СТ” компанид 57.3 сая ам долларын цэвэр ашиг оржээ. Үүнийг шударга нийгэмд бол ашиг биш “Гэрээний залилан” гэж нэрлэдэг аж. Нэмж дурдахад “Samsung C&T” компани ерөнхий гүйцэтгэгчийн гэрээний дагуу тухайн ажлын менежментийн зардалд 30 сая ам доллар, ашиг орлого 56 сая ам долларыг урьдчилсан авсны үндсэн дээр ул шорооны ажлаа эхлүүлжээ.
“Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажил нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч нэг см төмөр зам баригдаагүй
Өнөөдрийн байдлаар үндэсний 13 компани нийт ул шорооны ажлын 85 хувийг хийж гүйцэтгэн 112,6 тэрбум төгрөг буюу 56,2 сая ам долларыг гэрээний дагуу хүлээн авсан ч “Samsung CT” компани санхүүжилт орж ирээгүй гэсэн үндсэн шалтгаанаар ажил зогсоон үлдсэн төлбөрийг өгөлгүй өнөөдрийг хүрчээ.
Үүнтэй холбогдуулан “Самсунг СТ” компанийн удирдлага болон Зам тээврийн яамны дарга асан Б.Батзаяа, УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх нарыг улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж байгаа юм.
Тэгвэл Улс орны эдийн засагт онцгой ач холбогдолтой “Ухаахудаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих ажил нийтдээ 8.6 жилийн хугацаа зарцуулагдсан боловч нэг см төмөр зам баригдаагүй байна. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр, Засгийн газар дөрөв, Зам тээврийн сайд зургаа, “МТЗ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал мөн зургаан удаа солигджээ.
Харин монголчууд бид төмөр замын бүтээн байгуулалтанд нийт 265.6 сая ам.доллар, 6.3 тэрбум төгрөг зарцуулжээ.
“Транском” ХХК-ийн дэд захирал Б.Хүдэр-Ян “Үндэсний 13 компани улс оронд нэн хэрэгтэй энэхүү бүтээн байгуулалтанд ашиг хонжоог тэргүүнд тавьж оролцоогүй. Бид улс орондоо хэрэгтэй бүтээн байгуулалт хийх үүрэгтэй л гэж оролцсон. Гэтэл одоо гаргасан зардлаа ч нөхөж чадахгүйгээр хохироод байна. Өнөөдөр яагаад бүтээн байгуулалт хийдэг үндэсний компаниа Монголын төр засаг, яам, тэдний харьяа төрийн өмчид улсын компаниуд хохироогоод байдаг ийм зэвүүн цаг ирсэнд үнэхээр харамсч байна. Бид хэдийгээр “Самсунг СТ” гэгдэх компанийн туслан гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулж ажилсан ч Монголын төрд итгэж энэ бүтээн байгуулалт оролцсон. Иймээс Монголын төрөөс зарласан бүтээн байгуулалтад оролцож үндэсний 13 компанид санхүүжилтыг нэн яаралтай олгохыг Зам тээврийн яам, “Монголын төмөр зам” ТӨХК-иас шаардаж байна” гэлээ.
Ингээд Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажилд оролсон компаниудын нэгэн төлөөлөл "Халын шинэ төмөр зам" компанийн захирал З.Баасандоржийн "100 чухал сэдэв" нэвтрүүлгэд орохдоо дээрх зовлонг мөн өгүүлж байсныг хүргэе.
Эх сурвалж: today.mn
Сэтгэгдэл (18)