Өнгөрсөн пүрэв гаригт бодлого боловсруулагчид болон эрдэмтэн, судлаачид Монголын хөгжлийн асуудлаар хуралдав. Нэгэнт 100, 200 жилээр хоцрогдсон байгаа энэ үед Монгол Улс эдийн засгийн бодлогодоо ямар реформ хийх ёстой вэ. Ямар өөрчлөлт, шинэчлэл хийж байж, богино хугацаанд эдийн засгийн хөгжилд хүрэх вэ гэдгийг чуулганд оролцогсод тал бүрээс нь хэлэлцсэн. Ингээд уг чуулганы үеэр яригдсан онцлох 24 асуудлыг “24 баримт” булангаараа хүргэж байна.
Баримт 1. Чуулганыг Конрад Аденауэрын сан, Хөгжил Ардчилал ТББ-тай хамтран Blue Sky төвд зохион байгууллаа. Хэлэлцүүгийг нээж, Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг товч үг хэлсэн. Цаашдаа “Хөгжлийн үндэс” чуулган жил бүр уламжлал болон зохион байгуулагдана гэдгийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг чуулганы төгсгөлд онцолсон юм. Мөн Аж, үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон “Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзориг зэрэг хүмүүс сонирхолтой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Баримт 2. Эдийн засгийн реформ хийхэд эдийн засгийн үндсэн гурван нөөц болох технологи, хүн, мөнгө чухал нөлөөтэй. Өнөөдөр манайд технологи нь алга. Технологио хөгжүүлэхийн тулд эрдэм шинжилгээний байгууллагуудаа дэмжих хэрэгтэй.
Баримт 3. Боловсролын системд реформ хийхгүйгээр эдийн засгийн реформ хийх боломжгүй. Өнгөрсөн гурван жилийн өмнөхтэй харьцуулахад санхүүжилтийн асуудал улам эгзэгтэй болж байгаа. Хөрөнгө оруулалт хумигдаж байна. Эдийн засгийн реформыг хийхэд алсын хараатай лидер буюу бизнесийн удирдагч хэрэгтэй. Жилийн 100 тэрбум ам.долларын орлоготой бүтээгдэхүүн гаргах чадалтай, оюунлаг бизнесмэн байх ёстой.
Баримт 4. Хөгжил дэвшил бол хоёр зүйлийн баланстай. Нэг талд нь хамтын хүч, нөгөө талд нь шилдэг лидер байх ёстой.
Баримт 5. Манай улс судалгаанд нэг ч төгрөг Зарцуулахгүй байгаа нь хөгжлийг хойш чангааж байна. Цаашид хэнд ямар бүтээгдэхүүн нийлүүлэх гээд байгаагаа тодорхой болгох хэрэгтэй. Үүнийг хувийн хэвшил биш, төр хөрөнгө мөнгө гаргаж хийх хэрэгтэй. Чөлөөт зах зээлд төр хэрхэн оролцох вэ. Төр оролцвол ямар цар хүрээнд, ямар салбарт, ямар хэмжээнд оролцох талаар нэгдсэн тогтолцоонд хүрэхгүй бол манай улс цаашаа явахгүй.
Баримт 6. Дэлхий дахин XIII зууны үед хийчихсэн зүйлийг бид одоо л хийх гэж байна. Тухайлбал, түүхий зэсээ боловсруулж, зэс утас үйлдвэрлэх. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх гэвэл бүр XVI зуунаас эхлэлтэй. XX зууны дунд үеэс маш эрчимтэй хөгжиж ирсэн энэ зах зээлд Монголд одоо ч хөлөө олоогүй л байна.
Баримт 7. Яг өнөөгийн нөхцөл байдлыг харвал бид дэлхий дахины 200 жилийн өмнө, магадгүй 100 жилийн хийчихсэн зүйлийг одоо эхнээс эхлэх гэж байна...
Баримт 8. Монгол хүн оюуны чадавхиар дэлхийн хаана ч гологдохгүй. Оюуны чадавхи, технологийн инновацийг ашиглавал хэдэн арван Оюутолгойтой тэнцэх хэмжээний баялаг бүтээх боломжтой. Түүнчлэн Монголын уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбараа илүү шинжлэх ухаанчаар хөгжүүлж, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг бий болгох боломжтой гэлээ.
Баримт 9. 1990 онд бид ардчиллыг сонгохдоо аж үйлдвэрийн бодлогыг орхигдуулсан нь бидний алдаа болсон.
Баримт 10. 20 жилд аж үйлдвэржилт, үйлдвэрлэлийн бодлогыг орхигдуулсан учраас бизнес эрхлэгчид, иргэд хүссэн хүсээгүй ганзагын наймаанд орсон. Ганзагын наймаа хийж, юм зарах нь л ашигтай юм байна гэж үзсэн. Төр засгийн төвшинд тэр үед ямар бодлого явуулж байсан бэ гэхээр гал алдахгүйн тулд эрчим хүчний салбараа хамгаалж байсан. Дээр нь уул уурхайн түүхий эдийн үнэ өсөөд эхлэхээр уул уурхайдаа анхаарч эхэлсэн. Уул уурхайн салбар унаж эхлэхэд улсын эдийн засаг ч дагаад муудсан.
Баримт 11. Бид муудаа хөрөнгө оруулагчдыг хөөж гаргаагүй. Түүхий эдийн үнэ унаад, уул уурхайн бизнес ашиггүй болоод эхлэхээр хөрөнгө оруулагчид өөрсдөө гарч явсан төдий. Аливаа хөрөнгө оруулалт ашгийн төлөө л байдаг. Ашиггүй болмогц уул уурхайгаас өөр бизнес рүү л явсан гэсэн үг. Уул уурхайг шүтэж байсан хөрөнгө оруулагчид гараад явахаар улсын эдийн засаг хүндэрсэн нь үнэн.
Баримт 12. Энэ байдлыг давтахгүйн тулд бид үйлдвэржсэн орон болох ёстой. Тийм ч учраас Аж үйлдвэрийн яам байгуулагдсан. Энэ бол маш зөв алхам болсон.
Баримт 13. Манай бүтээгдэхүүнд хагас боловсруулсан, эсвэл боловсруулагдаагүй зах зээлд гарч байна. Тиймээ нэмүү өртөг шингэсэн, боловсруулах үйлдвэрийг байгуулж, энэ үйлдвэртээ хөрөнгө оруулбал манай бүтээгдэхүүний үнэ цэнэ нэмэгдэх боломжтой.
Баримт 14. Эдийн засгийн өсөлт, хөгжил нь аж үйлдвэргүйгээр урагшлахгүй. Бидний өмнө тавигдаж байгаа нэг гол зүйл бол өөрсдийнхөө байгаа түүхий эд дээрээ тулгуурлаад, түүнийгээ боловсруулдаг үйлдвэрээ байгуулах нь зүйтэй юм.
Баримт 15. Өнөөдөр Монголын ДНБ-ий есөн хувийн аж үйлдвэрийн салбар хангаж байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орон бол 20-30 хувиа хангадаг. Бидний тавьсан стратегийн төлөвлөлтөөр, аж үйлдвэрийн бодлогоор 2020 он гэхэд ДНБ-ийг 21 хувьд хүргэх зорилго тавьж байна.
Баримт 16. Монголбанк өнгөрсөн гурван жил орчмын хугацаанд дундаж давхаргын хуримтлалыг дэмжих, нам тогтвортой инфляцийг бий болгохын төлөө бодлого хэрэгжүүлж ажилласан. Үүний үр дүнд инфляцийг 2.0 хувь дээр барьж, төлбөрийн тэнцлийн хямралыг даван туулж чадсан. Мөн эдийн засагт ипотекийн зээлийн санхүүжилтээр дамжуулан дундаж давхаргын хуримтлалыг дэмжих тогтолцоог нэвтрүүлсэн.
Баримт 17. БНХАУ-д хүчтэй дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээ 58 хувьд хүрсэн. Тэр хэрээр эдийн засгийн өсөлт нь ч тогтвортой, өндөр хэвээр байна. Харин манай улсын хувьд дундаж давхаргын нийт хүн амд эзлэх хувь хэмжээ хангалтгүй буюу 30 орчим хувьтай байна.
Баримт 18. Орлогоор ангилж үзвэл дундаж давхарга гэдэгт 500 мянган төгрөгөөс дээш, 2.3 сая хүртэлх орлоготой өрх хамрагдаж байна. Үүнийг дахин задалж, 1.8 саяас-2.3 сая хүртэлх орлоготой хэсгийг тусад нь ангилсан. Энэ хэмжээний орлоготой бол хүчтэй дундаж давхаргын ангилалд багтаж болох. Харин энэ хэмжээний орлоготой хүчтэй дундаж давхарыг нийгэмд эзлэх байр суурь тийм ч хангалттай бус байгаа аж.
Баримт 19. Дундаж давхаргын хуримтлалыг дэмжих бас нэг хэрэгсэл нь орон сууцны ипотекийн зээл. Монголбанк 2013 оноос эхлэн ипотекийн санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлсэн бөгөөд энэ хүрээнд 70 гаруй мянган өрх орон сууцтай болсон. Мөн банкны системийн хэмжээгээр ипотекийн зээлийн эзлэх хувь хэмжээ 30 орчим хувьд хүрчээ. Цаашдаа энэ хувь хэмжээг улам нэмэгдүүлэх хэрэгтэй.
Баримт 20. Социализмын үед хөдөө аж ахуй, мал аж ахуйг кластерын системээр хөгжүүлж байсан. Мэргэжлийн сургуультай, дэргэдээ судалгаа, шинжилгээний байгууллагатай байсныг 1990 онд ардчиллын шуурганд алджээ. Гэхдээ л уламжлалт мал аж ахуйг хөгжүүлэх нь Монголын хөгжлийн гарц хэвээр байгаа гэж чуулганд оролцогчид хүлээн зөвшөөрсөн юм.
Баримт 21. Тухайлсан нэг салбарыг шинжлэх ухаанчаар, маш тодорхой бодлого, төлөвлөгөөтэйгөөр хөгжүүлж чадвал хожим нь маш өндөр үнэ хүргэх боломжтой. Жишээлбэл, Америкийн цөөн хэдэн залуучууд 1997 онд “Grey Goose” архины брэндийг бий болгосон. Уг брэндийг дэлхий дахинд сурталчлахад 500 сая ам.долларыг зарцуулаад, 2004 онд 2.4 тэрбум ам.доллараар заржээ. Ийм л жишээг Монголд хэрэгжүүлэх хэрэгтэй гэж чуулганд оролцогчид онцлов.
Баримт 22. Болгарт Кэнди Краш тоглоомыг анх бүтээсэн залуус саяхан энэхүү брэндээ 5 тэрбум ам.доллар хүргэж зарсан гэж байна. Үүнтэй адилханаар ядахдаа 1 сая ам.долларын борлуулалттай програм бүтээгээд app store, play store-д борлуулах боломж, чадавхи бий. Монгол залууст тийм чадвар ч бий. Гагцхүү төрийн тодорхой бодлогоор дэмжиж өгөх ёстой гэдгийг хөгжлийн чуулганд оролцогсод онцоллоо.
Баримт 23. Монголын нийгэмд баян, хоосны ялгаа нэмэгдсэн. Монголын нийт баялгийн 84 хувь нь хүн амын 5 орчим хувьд ногдож буй гэх. Түүнчлэн дундаж давхаргын хуримтлал бага. Иргэдийн цалин, орлого инфляци идэгдсэн байдалтай жилүүд өнгөрчээ.
Баримт 24. Сүүлийн гурван жилд нөхцөл байдал арай өөрчлөгдсөн. Инфляци буурсан, нийт хүн ам дахь дундаж давхаргын эзлэх жин тодорхой хувиар нэмэгдсэн. Зам зам, дэд бүтцийн төслүүд хэрэгжсэн. Гэхдээ энэ хангалттай бус гэдгийг чуулганд оролцогсод хүлээн зөвшөөрөв.
24tsag.mn
Сэтгэгдэл (17)