Нийгэмд нэлээн хүлээлт үүсгээд байсан Сонгуулийн хуулийг өнгөрсөн долоо хоногт баталлаа. Уг хууль яаж батлагдсаныг 24 баримтаар хүргэж байна.
1. УИХ-ын 76 гишүүний 48-ыг нь тойргоос шууд сонгодог, 28-ыг намын жагсаалтаар сонгодог хуучин системээр сонгууль явагдана.
2. УИХ-ын сонгуультай хамт аймаг, нийслэлийн сонгуулийг явуулна. Харин сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг тусад нь явуулна.
3. УИХ-ын сонгуулийг зургадугаар сарын сүүлчийн долоо хоногийн ажлын өдөр явуулна.
4. Сум, дүүргийн Иргэдийн хурлын сонгуулийг аравдугаар сард зохион байгуулна.
5. Автомат машинаар саналын хуудсыг тоолж, сонгуулийн хэсгийн хороодын 50 хүртэлх хувьд хяналтын гар тооллого явуулахаар хуульчилсан байна. Тодруулбал, санал тоолох автомат машиныхаа үнэн зөв гэдгийг техникийн тооллогоор давхар баталгаажуулна.
6. Сонгуулийн албан ёсны дүн мэдээ бол автомат машиных байна. Харин техникийн тооллогоо нийт хэсгийн хорооны 50 хувиар шалгана.
7. Техникийн тооллого явуулах хороог сугалааны шугамаар явуулна.
8. Сонгуульд нэр дэвшигч нь аль нэг намаас УИХ-д сонгогдсоны дараа өөр намд элсвэл нэр дэвшүүлсэн нам нь эргүүлэн татах зохицуулалт оржээ.
9. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 14 хоног байна.
10. Арилжааны телевизүүд өдөрт дээд тал нь нэг цагийн эфирийг сурталчилгаанд зарцуулна.
11. Уг хуулийн 71.12-т “Нам, эвслийн дарга, нэр дэвшигч нь сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс хойш санал хурааж дуустал сонгуулийн сурталчилгааны бус бие даасан нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагад орохыг хориглох бөгөөд сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хийгдсэн аливаа нэвтрүүлэг, хөтөлбөр, ярилцлагыг нэвтрүүлэх, нийтлэхийг хориглоно” гэж заажээ.
12. 83.7 дугаар заалтад “Сурталчилгааны нэвтрүүлгийн төлбөр нь тухайн радио, телевизийн сурталчилгааны сүүлийн зургаан сарын дундаж төлбөрийн хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино” гэжээ.
13. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн 20 хувиас цөөнгүй нь эмэгтэй нэр дэвшигч байна гэсэн хуучин хууль дахь квотыг нэмж, 30 хувь болгосон байна.
14. Зам дагуух гэрлийн шонгууд дээр нэр дэвшигчдийн зурагт хуудсыг үнэ төлбөргүй байршуулна.
15. 71.7-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах гэрээ байгуулахыг хориглоно” гэжээ.
16. 71.1., 71.7-д заасныг зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ” гэжээ.
17. Гүтгэсэн, худал мэдээлэл цацвал тухайн хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг хаана гэсэн заалт сонгуулийн шинэ хуулинд оржээ.
18. Нэг нам, эвсэл, нэр дэвшигчдийн талаар гаргасан мэдээ нь хоногт таван минутаас хэтрэхийг хориглоно.
19. Шинэ хуульд нэр, томъёог ойлгомжтой тайлбарласан учир хүмүүс хуулиа нэг мөр ойлгоно гэж хууль санаачлагчдын нэг Р.Бурмаа гишүүн хэлж байна.
20. Сонгуулийн зардлын дээд хэмжээг сонгогчдын тоо, нутаг дэвсгэрийн хэмжээг харгалдан үзсэний дунд аудитын байгууллагаас тогтооно.
21. Шинэ хуулиар төрийн захиргааны албан хаагч, төрийн үйлчилгээний төрийн орон нутгийн өмчит компанийн удирдлагуудын хувьд сонгуулиас зургаан сарын өмнө ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой гэж тусгажээ. Харин орон нутгийн сонгуульд нэр дэвшиж буй хүмүүс дөрөвдүгээр сарын 1 гэхэд ажлаасаа чөлөөлөгдсөн байх ёстой.
22. Уулзалт, сонин, телевизийн сурталчилгааг 24 цагийн өмнө зогсоосон байна.
23. Сонгуульд оролцож байгаа нам, эвсэл нь арван хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас бусад сурталчилгааны материалыг арван хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
24. Бие даан нэр дэвшигч нь нэг хэвлэлийн хуудас бүхий нэг ухуулах болон зурагт хуудас, бусад сурталчилгааны материалыг нэг хэвлэлийн хуудаст тус тус багтаана.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (11)