УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа нар тус бүртээ гурван өөр сонгуулийн хуулийн төслийг өргөн бариад байна. Мөн УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин ч сонгуулийн хуульд хамаатай хуулийн төслийг боловсруулж, өргөн барьсан. Үүнээс О.Баасанхүү, Су.Батболд, Р.Бурмаа өргөн барьсан гурван хуулийн төслийг нэгтгэн хэлэлцэнэ ярьж байгаа. Харин Х.Тэмүүжин гишүүний санаачилсан төсөл бусдаасаа өөр агуулгатай учир тусад нь хэлэлцэх санал гараад байгаа аж. Ингээд УИХ-д сонгуулийн хуулийн дөрвөн өөр төсөл бэлэн болсон байна. Эдгээр дөрвөн өөр төсөлд олон ялгаа байгаа ч тойрог, мандатын тоо, саналын хуудсыг “хар машин”, эсвэл гараар давхар тоолж дүнг баталгаажуулах уу гэдэг дээр гишүүд талцаж байгаа юм. Бүр "хар машин"-аар тоолох эсэх асуудлаар УИХ-д суудалтай намууд зөвшилцөж чадахгүйгээс болж МАН-ын бүлэг ажил хаяад арав хонож байна. МАН улс төрийн 21 намтай нийлэн сонгуулийн саналыг "хар машин"-аар тоолохыг эсэргүүцэж, жагсаал хүртэл зохион байгуулсан.
Өчигдөр УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөллийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзан сонгуулийн хуулийн талаар санал зөвлөлдсөн. Уг уулзалтын үеэр Ерөнхийлөгчийн хэлсэн үг болон намуудын удирдлагуудын илэрхийлсэн байр, суурийг энд дарж уншина уу.
Харин бид УИХ-д өргөн баригдаад буй дөрвөн өөр сонгуулийн талаар болон түүний эргэн тойрон дахь мэдээллийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
1. Су.Батболд, О.Баасанхүү Р.Бурмаа нарын өргөн барьсан сонгуулийн хуулийн төсөлд одоогийнх шиг пропорциональ, мажоритар холимог байхаар тусгажээ.
2. О.Баасанхүүгийн төсөлд нэг тойрог, 38 мандаттай байхаар тусгажээ. Мөн УИХ-ын гишүүнд нэр дэвшигч 38 хүнийг нам, эвслийн жагсаалтаар сонгоно. Ингэхдээ улс бүхэлдээ нэг тойрог болж, намын нэрийг дугуйлахаас гадна нэр дэвшигчийн нэрийг давхар сонгох аж. Сонгуулийн дүнг санал тоолох автоматжуулсан төхөөрөмжөөр хийнэ. Мөн хяналтын тооллогыг сонгуулийн бүх хэсэгт гараар хийх бөгөөд гар аргаар тоолсон тооллогын дүн эцсийнх байна гэж төсөлдөө тусгажээ.
3. Р.Бурмаа гишүүний боловсруулсан хуулийн төсөлд сонгуулийн саналыг санал тоолох төхөөрөмжөөр тоолох бөгөөд тэндээс гарсан дүнгийн хуудас нь тухайн хэсгийн санал хураалтын дүн байна гэж тусгажээ. Мөн 6 тойрог, 48 мандат, УИХ-ын 48-аас илүүгүй гишүүнийг 26 тойргоос сонгоно гэсэн байна. Ингээд дан ба хосолсон сонгуулийг явуулна. УИХ-ын 28-аас илүүгүй гишүүнийг намын нэрээр сонгоно. Пропорциональ болон мажоритар сонгуулийг дангаар, эсвэл хосолсон байдлаар явуулж болно. Хосолсон сонгуулийг зэрэгцээ буюу паралель, холимог байдлаар явуулж болно.
4. Су.Батболд гишүүний боловсруулсан хуулийн төсөлд УИХ-ын сонгуулийн 48 тойргийг УИХ-аас байгуулж, нам, эвсэл УИХ-ын сонгуульд 48-аас илүүгүй хүнийг тойрогт нэр дэвшүүлнэ гэсэн байна. Мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшигч 28-аас илүүгүй хүнийг эрэмбэлж нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Сонгуулийн саналын хуудсыг санал тоолох автомат төхөөрөмжөөр тоолохоос гадна гар аргаар давхар тоолж баталгаажуулна гэжээ.
5. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжины өргөн барьсан хуульд үйлчилгээний албан хаагч ажлаа хийж байгаад сонгуульд нэр дэвшиж болохоор заалт байна. “Төрийн жинхэнэ албан хаагч нэр дэвших бол тухайн ээлжит сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-ний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдөнө” гэсэн хуулийн зохицуулалттай. Иймээс дээр дурдсан шаардлагын дагуу хуульд “Улс төрийн албан хаагчаас бусад” гэснийг “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан” гэж өөрчлөхөөр тусгажээ.
6. УИХ-ын 2016 оны сонгуулийн хуулийг өөрчлөх боломжит хугацаа 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээр дуусна. Учир нь УИХ-ын ээлжит сонгууль болохоос зургаан сарын өмнө л Сонгуулийн хуулийг өөрчлөх боломжтой, түүнээс цааш өөрчлөхийг Үндсэн хуулиар хориглодог юм.
7. АН, МАН анх Засгийн газарт хамтрахдаа 2015 оны наадмаас өмнө буюу энэ хаврын чуулганаар УИХ-ын Сонгуулийн хуулийг шинэчлэн батлахаар Зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зурсан.
8. Одоо явж байгаа төслөөр бол 2016 оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр сонгуулийн санал хураалт болно .
9. Энэ өдөр УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг анх удаагаа хамт явуулна. Өмнө нь, 2012 онд УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийг хамт явуулж байсан бол, энэ удаа аймаг, сумын ИТХ-ын сонгуулийг ч хамт явуулахаар эхний төслөө боловсруулжээ.
10. .МАН 2016 оны УИХ-ын сонгуулийг ямар тогтолцоогоор явуулахаа ард түмнээсээ асуухаар Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолын төсөл санаачилж өргөн барьсан. Харин АН энэ санааг дэмжихгүй гэдгээ намын дарга нь мэдэгдсэн. МАН-ынхан Ард нийтийн санал асуулгаа явуулаагүй л байна.
11. Орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 3/1 жагсаалтаар, 3/2 нь тойргоос сонгогддог байсныг болиулж ИТХ-ын бүх төлөөлөгчдийг мажоритар буюу тойргоос нэр дэвшүүлж сонгох хувилбар гаргажээ. Үүн дээр МАН, АН хоёр санал нэгдэж байгаа.
12. Сонгуульд зарцуулах мөнгөний дээд хэмжээг Үндэсний аудитын газар тогтоох юм байна.
13. Сонгуулийн сурталчилгааны самбарыг нийтийн эзэмшлийн газруудад үнэ төлбөргүй тавина, гэрлийн шон, замын хажуугийн самбар дээр байршуулахдаа үнэ төлбөргүй, нэр дэвшигчдийн сурталчилгааг адил тоогоор байршуулах, сонгуулийн үеэр МҮОНРТ-ээр үнэ төлбөргүй сурталчилгаа явуулах, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслийн сурталчилгааны үнэ нь сүүлийн зургаан сарын дундаж үнээс хэтрэхгүй байхаар ажлын хэсэг зохицуулж, төслөө боловсруулаад байна.
14. Хэрвээ сонгуулийн маргаан гарвал түүнийг 60 хоногийн дотор шийдэгдэхээр төсөлд тусгажээ. Тухайн хүн нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан байсан, бүр УИХ-ын гишүүний тангараг өргөсөн байсан ч энэ нь маргааны шийдвэрт нөлөөлөхгүй гэнэ.
15. Хэрвээ хууль зөрчөөд сонгогдсон гэдэг нь дараа нь тогтоогдоод үнэмлэхийг нь хүчингүй болголоо гэхэд дахин сонгууль явуулах үеийнх нь зардлыг тухайн хүнээр нөхөн төлүүлнэ гэсэн эдийн засгийн хөшүүргүүд орсон.
16. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн, доромжилсон нь тогтоогдвол тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл нөхөн төлбөр төлөх зохицуулалт ч төсөлд байна.
17. Хамгийн их маргаан дагуулдаг нь санал тоолох процесс. Төслөөр саналыг урьдын адил автомат машинаар тоолно. Хэрвээ маргаан гарвал хяналтын тооллогыг сугалаагаар аль нэгэн хэсгийн хороог сонгож тоолно гэж АН үзэж байгаа бол МАН-ынхан тойргоор нь тоолно, зөрүү гарвал гар тооллогыг үндэслэх санал дэвшүүлжээ. Мөн МАН-ынхан ялж ялагдсан нэр дэвшигчдийн авсан саналын зөрүү саналаа өгсөн нийт сонгогчдын нэг хувиас бага байвал заавал гараар тоолно гэж байгаа юм.
18. Сонгуулийн үеэр хувь хүн хоёр сая, хуулийн этгээд 10 сая хүртэл төгрөгийн хандив өргөж болно.
19. Хэрвээ холимог системийг хадгалбал нэг удаа жагсаалтаар сонгогдсон хүн дахин сонгогдох уу, үгүй юу гэдгийг нам өөрөө шийдэхээр төсөлд тусгажээ. АН-ын хувьд өмнө нь жагсаалтаар нэг удаа сонгогдсон хүн дахиж жагсаалтад бичигдэхгүй гэдгээ мэдэгдээд байгаа.
20. МАН-ынхан сонгуулийн саналыг "хар машин"-аар тоолохыг эсэргүүцэж, ажил хаялт зарласан өдрүүд үргэлжилж байна. Тэд улс төрийн бусад намуудтай нэгдэж жагсаал хүртэл зохион байгуулсан. Санал тоолох машиныг хүртэл шатаасан.
21. АН-ынхан МАН-ын энэ шаардлагыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн. АН-ын дарга З.Энхболд "Санал тоолох машинд эргэлзэх шаардлагагүй. Энэ машинд итгэхгүй хүмүүс 3.6 сая санал дундаас нэг ширхэг зөрүү олоодох. Зөрүү гарвал СЕХ-нд хандаж шалгуулж болно. Гурван удаагийн сонгуулийг энэ машинаар явуулахад ямар нэгэн алдаа гараагүй. МАН уг машиныг эсэргүүцэж буй нь улс төрийн шалтгаантай" гэсэн юм.
22. Бид сонгогчдын санал хураалтыг хар машинаар тоолсныг гараар дахин нэг удаа баталгаажуулахгүй бол иргэд итгэхгүй байна. Харин машины эх кодыг СЕХ-оос бид нар үзүүлээгүй гэж МАН-ын удирдлага мэдэгдсэн.
22. СЕХ-оос саналын хуудсыг хар машинаар тоолоод давхар гараар тоолж баталгаажуулах саналыг гаргасан.
23. Шаардлагыг нь хүлээж автал УИХ, байнгын хорооны хуралд суухгүй гэдгээ МАН мэдэгдэж буй. Энэ хооронд төрийн ажил цалгардаж буй тул Ерөнхийлөгч өчигдөр УИХ-д суудалтай болон суудалгүй намуудын төлөөллийг хүлээн авч уулзсан.
24. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ талаар "Сонгуулийн хуулийн талаар "Сонгуулийн автоматжуулсан системтэй холбоотой гол асуудал бол сонгогчдын эрх ашгийг хамгаалах асуудал юм. Аль нам, хэн гэдэг хүн хэдэн хувийн санал авах нь хамаагүй. Сонгогчийн санал үнэн зөв тоологддог л байх ёстой. Би ч өөрөө улс төрийн намын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсан. Бидэнд ч хүнд гашуун туршлагууд байсан. Түүнээс бүгдээрээ сургамж авсан. 2008 оны сонгуулийн дараа ярьсаар байгаад, тэр үед 45 гишүүнтэй олонхи байсан МАН, бас АН, бусад нам нийлээд 3 жил зөвшилцөж байж Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг оруулж батлуулсан шүү дээ. Тэр үед өнөөдөр та бүхний ярьж байгаа бүх хардлага, сэрдлэг бүгд байсан. “Программыг нь цаанаас нь суулгачихдаг юм биш биз дээ. Дүн буруу гардаг юм биш биз дээ. Гаднын гар хөл орж ирж юм биш биз дээ” гээд маш олон тест хийсэн шүү дээ. Бүр хэвлэл, мэдээллийнхнийг байлгаж, оролцуулж байгаад, намын төлөөлөл байж байгаад туршилт явуулж байсан. Байж болох бүх хардлага, сэрдлэгийг арилгахын төлөө ажиллаж байсан. Одоо үүнийг эргэж харах хэрэгтэй. Намуудын төлөөлийн сонин хэвлэлд өгч байсан бүх ярилцлага байна. Сая миний хэлснээс илүү үндэслэл хэлж энэ автоматжуулсан системийг оруулж ирсэн байгаа юм. Эрх барьж байгаа нам, хүчин сонгогчид яаж санал өгснөөр биш, өөрсдийн бодож байгаагаар сонгуулийн дүнг гаргах гэж оролддог. Энэ нь эргээд улс орон даяар маргаан дагуулдаг. Үүнийг больё гэсэн. Үүнийг дүгнээд Олон улсын сонгуулийн байгууллага Монголд ажилласан. 2013 оны сонгууль хийсний дараа өгсөн албан ёсны илтгэл нь байна. “Монголын сонгуулийг ажиглалаа. 99 хувийн эерэг дүн тавьж байна” гэж гаргасан. 60-70 хувийн эерэг дүн тавьдаг. Тэгвэл Монголын сонгууль 99 хувийн эерэг үзүүлэлттэй гарлаа гэсэн. Үнэхээр сонгогчдын саналыг зөв зүйтэй тусгаж чадаж байгаа юм байна. Үнэхээр маргаангүй, ардчилсан, шударга сонгууль явуулах бүрэн боломжийг хангасан байна гэсэн ийм дүгнэлт гаргасан байдаг юм" гэлээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (5)