Хуульч Ч.Баяртуул нэгэнтээ "Өнөөдөр манай нийгмийг идэж, эдийн засгийн цусны эргэлтэнд хувалз шиг шигдчихээд эрүүл цусыг ховдоглон сорж буй авлига гээчийн жинхэнэ үүр уурхай нь улс төрийн намууд өөрсдөө болчихсон байна гэдэгтэй би санал нийлдэг. Улс төрийн намын санхүүжилт хийгээд авлига хоорондоо шалтгаант холбоотой гэдэг нь батлагдсаар байна. Тиймээс улс эх орон минь авлигаас ангид байж амар амгалан, эдийн засгийн тогтвортой өсөлттэй байгаасай" гэж хэлсэн байдаг юм.
Энэ энгийн нэг хуульчийн амнаас гарч байгаа үг боловч мөн чанартаа өнөөгийн улс төрийн, улс төрчдийн хийж буй "санхүүжилт", "хандив" гэдэг халхавчны цаанаа хийгдэж буй авлигын тухай хатуу боловч үнэнийг хэлсэн үг байлаа. Хэрэв энэ талаар хэн нэгэн улс төрч хашгирсан бол тэр нь популизм, дээрээс нь түүний амнаас унасан "сул унгас" л болох байлаа.
Гэвч улс төр сонирхдог, намын гишүүн гэх хэдэн зуун мянган иргэдийн халаасыг тэмтэрч, хандив нэрээр албан тушаалын наймаа хийдэг энэ үзэгдэл яг л хүний нүдэнд үл үзэгддэг аалзны тор болсон. Дөхөж очоод нарийн харвал тэрхүү аалзны тор тод харагдана. Бүүр сүүлдээ нарийн зохион байгуулалтанд шилжиж ялсан нам албан тушаалыг дэлгүүрийн лангуун дээр зарагддаг төрөл бүрийн бараа шиг зарж борлуулдаг болж.
Хамгийн сүүлийн жишээ нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр цацагдсан МАН-ын дарга М.Энхболд, Ц.Сандуй нарын ярианы бичлэг батлаад өгнө. Хожмын буюу 2017 оны сонгуулийн зардал мөнгөө төвөггүйхэн олох гарцыг бодож олсон нь энэ. Төрийн албыг төрлийн алба болгох, албан тушаалын модыг амин хувийн болгож нахиалуулах энэ л эх үүсвэрийг шулуухан тавьчихсан нөхдүүд. Хурган даргаас эхлээд хуулийн дээд байгууллага хүртэлх албан тушаалыг үнэлж, түүгээрээ бүхэл бүтэн 60 тэрбумыг босгож чадсан байх гэж бодож байна. Саарал ордноор тэнүүчлэх элдэв хов живэн дунд нэг удирдах газрын даргын суудал тэрбум төгрөг хүрсэн тухай хальт хульт яригддаг юм. Худалдаж авч байгаа нөхөр нь ялихгүй. Гэсэн атал тэрбумаар үнэлсэн суудал худалдан авч байхыг бодоход 4 жилийн турш "шархаа нөхөх"-өө бодох л байлгүй. Ийнхүү ард түмний халаасыг ил далд тэмтэрсээр байдаг ч манайхан хошгирсоор л байх юм. МАН-ын тавьж буй хандивын жүжигт итгэж, хаа байсан Өмнөговь, Ховдоос утас цохиж "Дансаа явуул" гэж байхав дээ. Мөнөөх жүжиг тавьсан засаг нь "Ард түмний сайхан сэтгэл рүү ус цацаж болохгүй. Данс нээж өг" гэсэн юм байх. Ингээд данс нээгээд л иргэд хандивлаад л байж дээ. Харин хандивын мөнгө хаачих вэ? Ард түмэн өөр төл, өрөөлийн өмнө сөхөрч болохгүй гэж байх шиг байна лээ. Гэтэл Ерөнхий сайд нь тэс өөр юм ярьж, өр төлөхөд зориулахгүй өөр юманд зарцуулна гэсэн. Утаа униарыг устгахад зориулах юм байх аа. Энд ёстой долоо хойшоо хар гээч үг зохих байх.
Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хичнээн тэрбумыг утааны араас салхинд хийсгэлээ дээ. Энэ жил ч мөн ялгаагүй. Гэр хорооллын зарим хэсгийн тогны үнийг хөнгөллөө. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчийг нь тооцоололгүй хөнгөлөлт хийснээр ямар ч үр дүн гарахгүй байгаа. Өөрөөр хэлбэл тогны үнийг хөнгөлөхөөс өмнө тогоор халах халаалтын системийн асуудлыг шийдчих байлаа. Үүнийг тооцохгүйгээр тогныхоо үнийг хөнгөлж орхитол хятадын тосон тень, халуунаар үлээдэг сэнс зэрэгхэн үнээ нэмж, боломжтой нэг нь авч тавьсан боломжгүй нь бахь байдгаараа. Гэр хороололд нүүрс түлээд сууж байгаа иргэн шалны халаалт тавьж чадах уу. 1квм нь 2 сая 500 орчим мянган төгрөг. Өнөөдөр иргэдийн амьдрал ямар байгаа билээ дээ. Бодит байдал ийм л тарчигхан. Харин Ерөнхий сайдыг шинэхэн халаадаа өмсөж, ширээнийхээ бүтээлгийг сольсон ховор айлд урьдчилан бэлтгэж байгаад оруулсан байна лээ. Тэгэхээр цаадах чинь гэр хорооллын айл өрхүүд миний буянаар бүгд халуун дулаан утаа униаргүй сууж байгаа гэж маадгархан бодож суугаа байх. Тэгээд ч албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг юм хойно доо. За энэ ч яахав. Нөгөө улс төрийн намын санхүүжилтийн асуудалдаа эргэн ороё.
Манай улс төрийн намуудын санхүүжилт нь “Улс төрийн намын тухай” хуулиар зөвшөөрсөн эх үүсвэрээс санхүүжигдэж байна. Гэхдээ намууд хууль бус эх үүсвэрээс санхүүжигдсэн нэг ч тохиолдол бий байх. Яагаав, нөгөө алдарт Н.Энхбаяр гуай чинь Шийлэгдамбыгаа "Мөнгө олж ир" гэж загнасаар байгаад шоронд явуулчихсан шүү дээ. Гишүүн, дэмжигчид үзэл бодол, итгэл үнэмшлээрээ намыг дэмжин хандив өргөж бас авч болохыг хуулиар зөвшөөрсөн байдаг болохоос биш загнаж байгаад олуул гэсэн зүйл байхгүй л дээ. Улс төрийн намд хандив өгөх нь хууль бус үйлдэл биш. Харин хэмжээнээсээ хэтэрсэн байна уу, үгүй юу гэдэг асуудал. Намд зориулж нэг удаа өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс 10,0 сая, иргэдээс нэг сая төгрөг бөгөөд нэг хандивлагч намын нэг байгууллагад жилд 2-оос дээш удаа хандив өгөх, намд хандив өгсний төлөө албан тушаал, хувийн эрх ашиг хөөцөлдөх, шахалт үзүүлэхийг хуулиар хориглосон байдаг юм.
Гэтэл энэ асуудал одоо цагаандаа гарсан гэж хэлж болохоор болсон. Хандив өгсний төлөө албан тушаалд очиж байна, хандив өгөөд албан тушаалыг авч байна, хандив гэдэг зүйл хувийн эрх ашгийн төлөө болж. Сайн дурын хандивлагчаас хандив авахын оронд албан тушаалыг зарж байна.
Тиймээс улс төрийн нам бүр зөвхөн тэр намд гэсэн нэрээр хандив хүлээн авч, хандив хүлээн авах иргэн ба хуулийн этгээд гэсэн 2 төрлийн данстай байх, бүртгүүлсэн дансаас өөр дансаар болон бэлнээр мөнгөн хандив хүлээн авахыг хориглох, дансны орлого, зарлагын тайланг олон нийтэд мэдээлж байх харилцааг хуульчлах нь зүйтэй гэсэн Ч.Баяртуулын саналыг дэмжиж байна.
ХБНГУ-ын Үндсэн хуулийн 21.1 дэх заалтад зааснаар улс төрийн намууд санхүүгийн бүх үйл ажиллагаагаа тайлагнахын зэрэгцээ “Улс төрийн намын тухай” хуульд нь заасны дагуу улс төрийн намууд санхүүгийн тайлангаа албан ёсны аудитор юм уу аудитын компаниар хянуулж тухайн оны есдүгээр сарын 30-ны дотор Бундестагийн ерөнхийлөгчид санхүүгийн тайлангаа хүргүүлэх үүрэгтэй байдаг юм билээ. Ингэж гэмээнэ улс төрийн халуун тогоонд буцалж буй хандивын аяны жинхэнэ нүүр царай харагдана даа, хандивын улс төрчид минь.
24tsag.mn
Сэтгэгдэл (22)