
Жуба хотын олон улсын нисэх буудалд Төв Африкийн шинэхэн тусгаар тогтносон Бүгд найрамдах Өмнөд Судан улсын Ерөнхийлөгч Салва Кийр Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтан авсан байна. Хоёр орны Ерөнхийлөгч нарын албан ёсны уулзалтын үеэр Монгол Улс өөрийн зэвсэгт хүчний томоохон бүрэлдэхүүнийг тус улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцуулж байгаад талархаж байгаагаа Ерөнхийлөгч Силва Кийр илэрхийлжээ. Мөн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч тус улсад үүрэг гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдаа эргэн ирж байгаа анхны төрийн тэргүүн, шинэхэн тусгаар тогтносон Өмнөд Суданд Ази тивээс айлчлан ирж буй анхны Ерөнхийлөгч болж буйг баяртайгаар мэдэгдсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хариуд нь “Энэ нь Монгол Улс, монголчууд олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байгаа хэрэг” хэмээн тэмдэглээд төр улсаа шинэхэн төвхнүүлж байгаа Өмнөд Суданы ард түмэн тусгаар тогтнолоо олон үеэр дархлан цогцлоож чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Хилде Ф.Жонсон бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдоржид Өмнөд Судан улсад хийж байгаа айлчлалынх нь үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч, хатагтай Хилде Ф.Жонсон бараалхжээ. "Ердөө хоёр жил хүрэхгүй хугацааны өмнө тусгаар тогтносон Өмнөд Судан дахь энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улс 850 энхийг сахиулагч бүхий батальон оролцуулж байгааг НҮБ өндрөөр үнэлж байгаа бөгөөд монгол цэргүүдийн үйл ажиллагаанд сэтгэл дүүрэн байна” гэж хатагтай Хилде Ф.Жонсон онцолсон байна. “Бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхлээд 10 жил болж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэхийн зэрэгцээ манай зэвсэгт хүчин улам бүр туршлага хуримтлуулж, үүрэг гүйцэтгэх чадвар нь дээшилж байгаад Монгол Улс сэтгэл ханамжтай байдаг. Цаашид ч бид энэ төрлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байх болно” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж онцлон тэмдэглэжээ.
Ц.Элбэгдорж: Зовхи өөдөө, харц сортоотой, хийморьлог яваарай

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж дараа нь Өмнөд Суданы Юнити мужийн Бентью хотод энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэрэг дайчидтайгаа уулзахаар НҮБ-ын тусгай үүргийн онгоцоор зочилжээ.
Энхийг дэмжих UNMISS / United Nations Mission in South Sudan / ажиллагааны Монгол Улсын батальоны захирагч, хурандаа Л.Гансэлэм эхлээд тус улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд гүйцэтгэж байгаа үүргийнхээ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид дэлгэрэнгүй мэдээлсэн өгсөн байна. Түүний мэдээлснээр батальоны хариуцлагын бүсэд цагийн байдал харьцангуй тайван байгаа ч ердөө ганцхан өдрийн өмнө манай энхийг сахиулагчдын байрлаж байгаа Ийда суурингаас 25 км, 54 км зайд Хойд Суданы зүгээс хоёр ч удаа онгоцноос бөмбөгдөж, орон нутгийн армийн албан хаагчид амиа алдаж, шархадсан тохиолдол гарчээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Цахиагийн Элбэгдорж “Эх орон, элгэн түмэн тань үргэлж хөвгүүд, охидтойгоо хамт байгаа гэдгийг харуулах гэж би ирсэн юм. Монгол Улсаас хамгийн олуулаа, хамгийн хол үүрэг гүйцэтгэж байгаа цэрэг дайчдаа эргэж би ирлээ. Би цэргийн хүн болохоор ар гэрээс эргэлт ирэхийн сайхныг мэднэ. Оногдсон үүргээ зовхи өөдөө, харц сортоотой, хийморьлог сайхан гүйцэтгээд эх орондоо эсэн мэнд эргэн ирээрэй” хэмээгээд үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа энхийг сахиулагчдыг төрийн одон медалиар шагнажээ.
Сэтгэгдэл (3)