Нэг үеэ бодоход манай улсад дэлхийн хэмжээнийтоглолт, бас тулаанууд болдог болсон. Саяхан Э.Цэндбаатарын тулаан "АСА" аренаг нүргэлүүлж байсан бол өнөөдөр М.Нандин-Эрдэнийн тулаан "Мбанк" аренаг доргиох нь ээ.
Гэхдээ зарим тулааны спорт сонирхогчид М.Нандин-Эрдэнийн тулаан Э.Цэндбаатарын адил ялалтаар өндөрлөнө гэдэгт эргэлзэж байгаа аж.
Учир нь “Ока” хочит М.Нандин-Эрдэнийн хувьд хэдийгээр Монголын шилдэг холимог тулаанчдын нэг боловч энэ төрлийн спортод насны хувьд харьж яваадаа орно.
Тэрбээр, 1987 оны 4-р сарын 5-нд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд мэргэжлийн холимог тулааны (MMA) карьертаа 16 ялалт, 9 ялагдалтай тулаанч юм. Өдгөө Ази, Номхон далайн бүсийн чансаагаар нийттулаанчдын дунд 97-р байранд, хөнгөн жингийн ангилалд 19-р байранд бичигдэж байна.
Тэгвэл түүнтэй өнөөдөр холимог тулаанаар нударга зөрүүлэх өрсөлдөгч Тайланд улсын тамирчин Танувит нь шаггүй сайн тамирчин аж.
Үүний дээр насны хувьд ч М.Нандин-Эрдэнээс 6 дүү буюу 1993 онд төрсөн. Ялангуяа тулааны спортод зургаан насны зөрүү гэдэг их том үзүүлэлт шүү. Өөр нэг мартаж болохгүй зүйл гэвэл насны хувьд залуу дээрээ туршлага, ялалтаараа илүү гарна уу л гэхээс дутахгүй нэгэн.
Мэргэжлийн тулаанд 29 ялалт байгуулж, 9 ялагдаж, 2 тэнцэж байсан тамирчин юм байна. Тайланд бол Тай боксын орон. Японд жүдо бөхөөр түрүүлсэн хүн дэлхийд түрүүлдэг гэдэг шиг Тайландын Тайбоксын аваргыг дэлхийн аварга гээд бодчиход нэг их зөрөхгүй.
Тэгвэл өнөөдөр М.Нандин-Эрдэнийн өрсөлдөгч Танувит нь Муай Тай боксоор 2014, 2015 онд улсдаа түрүүлж байжээ. Мэдээж, мэргэжлийн спортод орохоосоо өмнө ийм өндөр амжилттай явсан хүн амаргүй даваа байж таарна.
Гэхдээ М.Нандин-Эрдэнийн хувьд Хятадын Бао Инцан, Солонгосын Пак Вон-Сик нарыг ялж явсан хүн тул энэ удаад ч ялалт байгуулж мэдэх л юм.
Сэтгэгдэл (1)