Үхэл, амьдрал хормын заагт...
Хот дотор хурдны замаар давхиж байгаа мэт "нисэх"-ээ хэзээ болих юм бэ, гарц хармагцаа "галзуу хурд" үйлддэгээ хэзээ зогсоох юм бэ. Хэдэн хүний амь насыг хормын зуур тасалж байж, элэг зүрхийг үүрд өнчрүүлж байж, хэдийг нь хөгжлийн бэрхшээлтэй болгож байж, хэдийг нь хүсэл мөрөөдлөөс нь салгаж байж ирэх "ухаарал, болгоомжлол" юм бэ, мэдэхгүй нь.
Монгол улсад байх гарц болгон дээр гэрлэн дохио байдаг болоосой. Гэрлэн дохиогүй гарц бол айдас, түгшүүр, зовнил дагуулсан хамгийн урт зам. Үүнийг томчууд ойлгоосой. Гэрлэн дохиогүй бол тэмдэглэгээ юу ч биш. Гэхдээ зарим жолооч бол аль болох явган хүнд зам тавьж өгнө.
Гэтэл зарим жолооч бол дайрах шахуу шуртхийн өнгөрч, хараалаа урсгаж, дохиогоо хангинуулж бөөн юм болно. Эцэст нь ийм байдал үргэлжилсээр хаа нэгтээ "галзууран нисэж" байгаад хүний амь нас, ахуй амьдрал, гэрэл гэгээг юу ч үгүй сүйдэлж орхино.
Манай улсад хүн дайрч алчихаад ял нэртэй амралт эдэлж, хүн мөргөж гэмтээчхээд "хохирол барагдуулсан" нэртэй ямба эдэлж байгаа нь худлаа гэж үү. Өчигдөрхөн болсон хэргийг сана л даа. Гарцаар гарч явсан 12 настай хүүхдийг "чулуу шидэж байгаа юм шиг" л хийстэл нь дайраад, бууж ирээд сэгсэрч үзэж байгаа биз. Хүн гэдэг ийм айхавтар болчихсон, айдас гэдэг зүйл араар нь ороод алга болчихсон бололтой.
Гэмшил харамсал хэзээ ирдэг юм бэ?
Шоронгийн торны цаана уу, шүүхийн танхимд уу?
Ард нь харамсаж, бусдын нулимсыг ууж, махыг нь зулгаан идэж байхаар одоо л хариуцлагатай жолооч байх хэрэгтэй сэн. Одоо л ганц хором хүлээчихдэг уужуу нэгэн болоосой. Та бухимдсан байж болно, энэ нийгэмд, энэ амьдралд. Ийм зүйлст буруугаа өгөөд бодож болох ч өөрөө л хариуцлагатай жолооч, ганц хором тэвчдэг жолооч байж чадвал зам дээрээс хэн хэн нь гэртээ эрүүл саруул, эсэн энх очно шүү дээ.
Мөн явган зорчигч ч ялгаагүй, дүрмийн дагуу гарцаараа л гарах нь зүй. Зам дээр үхэл, амьдрал байна.
Манай улсад жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Дэлхийн хэмжээнд 100 мянган хүн тутмын 17 нь зам тээврийн ослоор нас бардаг гэх судалгаа бий ч манай улсад энэ тоо 21 байгаа нь халаглам баримт.
М.Жаргал
Сэтгэгдэл (1)