Улаанбаатар хотын замбараагүй газар олголтыг цэгцэлж, зөвшөөрөлгүй болон иргэдийн амьдрах орчин нөхцөлд саад учруулж байгаа гарааш, хайс, хашлагыг үе шаттай буулгаж байгаа. Эдгээр ажлын хүрээнд Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан өнөөдөр Баянзүрх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр тус дүүргийн 36 дугаар хороо, Сүмбэр орд орчимд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хайсыг буулгаж, чөлөөлсөн газарт 640 хүүхдийн сургууль барихыг үүрэг болгов. Мөн тус хорооны өрхийн эмнэлэг түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс газрын асуудлыг шийдвэрлэж, хороо, өрхийн эмнэлгийн шинэ цогцолбор барина гэв.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн 25, 43 дугаар хороонд газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэж, орц, гарц нээж, Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн түшиц хана барих ажлыг эрчимжүүлэхийг албаны хүмүүст даалгалаа. Дээрх хороодын хөрсний усны бохирдлыг шийдэх хэрэгтэйг мөн хэлэв. “Зогсоол” хөтөлбөрийг хэрэгжүүлж, иргэдийн амьдрах нөхцөлд саад учруулж буй газруудыг чөлөөлж зогсоол, ногоон байгууламж барих хэрэгтэй гэлээ.