Энэ номыг Улаанбаатраас Москва орох замд онгоцонд уншиж дуусгачихаад уйлах газар олддоггүй нулимсаа тэвчин явсаар онгоцны нойлд орж баахан уйлчихаад бүлцийсэн нүдээ арчин гарч ирээд суудалдаа суугаад гүн бодолд дарагдаж билээ. Яагаад ч юм өөрөө эмэгтэй болохоор ч тэгсэн юмуу юу нь тийм хүнд туссан юм мэдэхгүй ямар ч байсан зөндөө бодолд дарагдсан. Хөдөө нутгийн сайхан, бидний нүүдэлчин соёл, аж төрөх ёсыг эмэгтэй хүний тэсвэр тэвчээр эцсээ хүртэл бөхдөггүй итгэлийн гал, цөхрөл гуниг, уй гашуутай нь хамт жирийн нэг малчин гэр бүлийн салалтаар дамжуулан харуулсан сайхан зохиол.
Номны тухай:
Дэжид бүсгүйн эр нөхөр болох Дамба Тогоохүү хэмээх нэгэн бүсгүйн гэрээр орж гарсаар түүнд сэтгэлтэй болж хоёр эмэгтэйн голд шаналан явсаар нилээн уджээ. Дэжид энэ явдлыг олон хүний амнаас сонссон ч дотроо үгүй байлгүй дээ гэсэн бяцхан найдварыг тээсээр ирсэн. Нэг удаа ах нь түүнийг загнан энэ явдал арай хэтэрч байгаа тухай сануулсан ч эцсийн итгэлээ тээн эр нөхрөөсөө өөрөөс нь сонсохоор шийдэн хүлээнэ. Дамба алдсан морио хайхаар явсан нь ч морь өөрөө ирсний хэд хоногийн дараа бага зэргийн айдастай гэртээ ирэн сууж байтал Дэжид хоёр тийшээ болох тухай ам нээгээд араас нь тийм зүйл болохгүй гэсэн итгэлээ гээлгүй бодсоор байсан авч аль хэдийн шийдсэн Дамба "би юу ч авахгүй" гэснээр түүний явдал батлагдан салцгаадаг. Хэдийгээр нэгэнт бүх зүйл илчлэгдэн хоёр тийш болсон ч Дэжид амттай шимттэйгээ нөхөртөө тавьсаар Дамба Дэжид хүү хоёртоо санаа зовсоор байдаг.
Айхтар хэрүүл маргаан болж уйлж дуулж салалгүй энгийн нэг яриа өрнүүлж салсныхаа дараа ч Дамба тэр хоёрыгоо эргэж байгаа нь монгол хүний уужуу сэтгэл ухаан гэлтэй. Дэжид Дамбаас салсныхаа дараа хэвлийдээ ахин нэг хүүхэд тээж буйгаа мэдэн тэнгэр түүний дээрээс нураад ирэх шиг болсон ч бүсгүй хүний совингоор түүнийгээ эргээд ирнээ гэсэн итгэл зүрхэндээ сэтгэлдээ мөнхөд тээн өөртөө анхаарал тавьж хүсэн хүлээсээр байдаг. Өөрийн арчаагүй байдал өөртөө анхааралгүй нөхөртөө халамжгүй байсаар нөхрөө алдсан гэх харууслыг дотроо тээн өөрийгөө буруутгаж дахин амьдрах хүчийг олж авдаг. Хүүтэйгээ атарт гарч хүйтэнд даарч явсан ч Дамбыг буцаад гэр бүлдээ ирнэ гэж бодсон бодлоо гээлгүй морьтой хүний бараа харуут Дамбыг гэж бодон биш байвал гуниглан шанална.
Тэр хооронд Дамба Тогоохүүгийнд байж суухаа олж ядан заримдаа эхнэр хүүхдээ бодон буцаад очихыг хүсэвч энэ бодлыг нь Тогоохүү мэдчихвий гэсэндээ айж мөн Тогоохүүг өрөвдөн басхүү түүний эелдэг наалинхай аашинд уягдан байсаар өдий төдий хононо.
Эцэст нь Дамбын өвөг дээдсээс уламжлагдан ирсэн хүрэл гөрөөсийг Дэжид хүүтэйгээ Тогоохүүгийнд аваачин өгч "нэгэнт бидний явдал ийм болсон хойно бид нэг нэгнийдээ орж гарч, мэндтэй устай, тустай дэмтэй явцгаах нь дээр..." хэмээн хэлж хоорондын харилцаагаа цэгцэлснээр дуусдаг.
Уг нь Дэжид Дамба хоёр хоорондоо сайн ярилцсан бол Дамба ч гэртээ харих гэж хэд хэдэн удаа оролдон Дэжид ч түүнийг нүдээ ширгэтэл хүлээсний хэрэг гарах байсан бизээ.
Энэ зохиолын гол хоёр дүрийг хоёуланг нь өрөвдөн хэнд нь ч бурууг өгч чадахгүй байсаар дуусгав. Дэжид бүсгүй эмэгтэй хүний тэсвэр тэвчээрийг гарган эр нөхрөө хүнд булаалгах
хоёр хүүхэдтэй бэлэвсэрч хоцрохын зовлонг амсан харин Дамба хоёр бүсгүйн голд алийг нь ч гомдоохгүйн хичээн өөр бүсгүйн халамж хайранд уярсандаа гэмшин эхнэр хүүхдээ сэтгэлдээ бодон тэр бодлоо Тогоохүүгээс нуун амьдарсаар байх ажээ.
Хаяад явж байгаа эр нөхрийнхөө араас сүү өргөн зогсох нь зөвхөн Монгол эмэгтэйн агуу тэсвэр тэвчээр бизээ.
...Ай цахилж яваа гөрөөс чи тэрний дүр юмуу?
Араас нь гүйгээд гүйцэгдээгүй хүний хань юмуу?
Хэвлий дэх үрээ тээн хүүгээ хөтөлсөөр хоцорсон бүсгүйн заяа ийм юмуу?
Амьдрал гэдэг угаас ийм хатуу зүйл юмуу?...
"...Хорвоо түүнээр хатуу тоглож
Ханилсан нөхрөө өөр нэгэнд алджээ
Буцаад ирнэдээ гэж харуулдсан ч
Буурин дээрээ хүүтэйгээ л хоцорсон юм...
Ааваа нэхэн бэтгэрэх үрдээ
Эцгийнх нь барааг л харуулах гэж
Булаан одсон тэр бүсгүйн гэрт
Буйлаа хазан орсон юм...
Сэтгэгдэл (13)