Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод буй.
Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг, суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна.
Монгол Улсад жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байгаа бөгөөд 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн хоёр дахь шалтгаанд уушгины хатгалгаа орж байна.
Түүнчлэн "Угаарын хийн хордлогын улмаас иргэд амь насаа алдах тохиолдол нэлээд гарах болсон. Өнгөрсөн жилүүдэд ийм асуудал цөөнгүй гарсан.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн долоон жилийн хугацаанд угаарын цочмог хордлого 9,009 бүртгэгдсэний 103 нь нас барсан гэдэг судалгаа бий. Тандалтын тоон мэдээг харахад жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна" гэж Хүний Эрхийн Үндэсний Комиссоос агаар, орчны бохирдлоос үүдэлтэй хүний эрхийн зөрчлийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр дурдсан юм.