Улаанбаатар хотод зам засварын ажил ид өрнөж байна. Хэн хүнгүй ажил, сургуульдаа яарсан хөл хөдөлгөөн ихтэй намрын цагаар гэнэтхэн бордюр авч шидэж, зам хуулсанд иргэд бухимдаж байсан ч "зөв ч юм уу" гээд тэгэсхийн эвлэрсэн. Гурван хоногт хийж болоод байгаа энэ ажлуудаа зуны гурван сард хийгээгүйд халагласаар. Чухамдаа хүйтний улирал хаяанд ирчихээд байхад гэрээ зусландаа барьж буй айл шиг л байна.
Хуучин замыг халж, шинэ замтай болсноор түгжрэл буурна гэдэг нь нэг л гажуудсан үг шиг сонсогдоно. Түгжирч, хэрэлдэж, стресстэж "сурсан" нийслэлчүүдийг ажлын эхний өдөр "тамлаж" байгаа биз. Машинаа хуваалц, дугуй уна, алх гэдэг уриалга нь одоо бол машинаа 0 зогссон газар нь хаяад, явган хүний замын хагархай бордюр дамжаад, замгүй газраар дугуйтайгаа нис л гэсэн үгний биелэл болов.
Ажилдаа явах гэж бухимдана, алхах гэж бухимдана, гэртээ харих гэж бухимдана. Унтахдаа л тайван байх юм даа, Улаанбаатарынхан. Гэхдээ түгжрэхгүйн тулд эрт босох хэрэгтэй. Эрт босохын тулд эрт унтах хэрэгтэй. Гэвч харих зам түгжрэлтэй.
Нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлсний гайхамшгийг ч, зассан замын гавьяаг ч одоохондоо мэдэрсэн хүн алга. Магадгүй цаашид ч мэдрэхгүй байж мэднэ.
Өнөөдөр гүүр даван амьдрагсад машид стресстэж байна. Учир нь Маршалын гүүр, Их тэнгэрийн уулзвараас Хан-Уулын "И-Март" хүртэлх замыг засварын ажилтай холбогдуулан хаасан. Яармагийнхан бол энэ зовлонг өдөр бүр шахуу мэдэрдэг гэлцдэг. Түгжрэл бол хэсэг, хэсгийн зовлон биш, бүх нийтийн зовлон гэдгийг л мэдэрцгээ.
Сэтгэгдэл (1)