World CleanUP Day нь Монгол улсад 2024 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү өдөр нь дэлхийн 190 гаруй орны залуучууд эх дэлхийгээ, гол мөрнөө, эх орноо цэвэрлэхээр сая саяараа нэгддэг билээ. Тэгвэл манай улсад сүүлийн 4 жилийн хугацаанд асар олон залуучууд энэ хөдөлгөөнд нэгдэж байна.
Энэ жилийн хүрээнд 3000 гаруй залуучууд тус хөдөлгөөнд нэгдэж байгаа бөгөөд энэ хүрээнд дараах байршлуудаар цэвэрлэгээ хийлээ. Үүнд:
- Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Туул голын гүүрээс зүүн тийш Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл
- Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Туул голын гүүрээр дамжаад Зайсан толгой эргэн тойронд
- Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Дунд голын замыг дагаад Эрчим хүчний яам хүртэл
- Төв цэнгэлдэх хүрээлэнгээс Энхтайваны гүүрийг даваад Баруун 4 зам хүртэл
2024 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр мөн “Хогоо ангилахын ач тус, Хувцанар савын хор хөнөөл, Электрон хог хаягдлын хор хөнөөл” гэх мэт илтгэлийн сэдвүүдээр 100 гаруй залуучууд мөн оролцсон. CleanUP бол нэг удаагийн арга хэмжээ гэхээс илүүтэйгээр нөлөөллийн арга хэмжээ, залуучуудын нэгдэх арга хэмжээ болж жилээс жил өргөжин тэлж байна.
Дэлхийн цэвэрлэгээний өдөр бол дэлхийд тулгамдаж буй буруу менежментэй хог хаягдлын хямрал, тэр дундаа далайн хог хаягдлын асуудалтай тэмцэхэд чиглэсэн жил бүр зохион байгуулагддаг нийгмийн үйл ажиллагааны томоохон хөтөлбөр юм. Энэхүү дэлхийн нийтийн хөтөлбөрийг Эстони улсын Таллин хотод төвтэй олон улсын байгууллага болох “The Let’s Do It World” ТББ зохицуулдаг.
2024 он гарснаар НҮБ-аас жил бүрийн 9 дүгээр сарын 20-ний өдрийг “Дэлхийн цэвэрлэгээний өдөр” болгон албан ёсоор зарласан бөгөөд олон улсын тэмдэглэлт өдрүүдийн хуанлид нэмж оруулсан билээ.
Мөн дэлхийн хамгийн том иргэний энх тайвны төлөөх үйл ажиллагааны нэг болох Дэлхийн цэвэрлэгээний өдөрт 190 гаруй орны сая сая хүмүүс нэгддэг ба 2008 онд Эстони улсад 50,000 хүн оролцсон цэвэрлэгээнээс эхэлсэн энэ үйл ажиллагаа нь дэлхий даяарх хөдөлгөөн болон хувирч, дэлхийн ихэнх улс орнуудад хүрч чадсан. 2022 оны 9-р сарын 17-нд л гэхэд 15 сая сайн дурын хүмүүс нэгдэж, нэг өдрийн дотор байгаль орчноо хамгаалах асар их хүчин чармайлтаар 60,000 орчим тонн хог хаягдлыг байгалиас зайлуулахад 30 сая цаг зарцуулсан байдаг. Харин 2023 онд НҮБ-ийн гишүүн орнуудад 90 орчим хувь буюу 198 улсын 19 сая 1 зуун мянган хүмүүс энэхүү хөдөлгөөнд оролцсон байх ба улам бүр хүрээгээ тэлсээр байна.
Энэхүү дэлхийн цэвэрлэгээний өдрийн үйл ажиллагаа нь НҮБ-ын SDG Action Awards буюу хүн төрөлхтнийг илүү тогтвортой, эрх тэгш, энх тайван ертөнцөд ойртуулахын тулд бүтээлч байдал, инновацын хүчийг ашиглаж буй санаачилга, тууштай хувь хүмүүсийг дэмжин урамшуулдаг номинацид 2023 онд шилдгээр шалгарсан юм.
Өнөөдөр хүрэлцэн ирсэн 3000 гаруй Монгол залуучууддаа баярлалаа.