12-р ангийн "Иргэний ёс зүйн боловсрол" хичээлийн сурах бичиг гэж шашны суртал ухуулга байна. Тэнд зовлон болоод сэтгэлийг таньж мэдэх, нүглийн тухай, бүхнийг ухаарах зэрэг бараг л "гэгээрэл"-д хөтлөх шинжтэй. Сурагчдыг ёс суртахуунтай нэгэн болгохын тулд төгсөх жил нь Боловсролын яамны зөвшөөрлөөр хэвлэсэн номоос зовлонг таньж, ариусах үйл хийж байгаа бололтой. Буддын шашны тэргүүн, лам, гэгээнтнээр л энэ номын эхийг бэлтгүүлсэн бололтой. Шашин нь боловсролын ч дээр, төрийн дээр байх нь л дээ. Сургааль номлолыг дагагчид эрх мэдлийг атгадаг байж болох ч ЕБС-ийн сурагчдад ийм агуулгатай зүйлээр ёс суртахуун, хүнлэг байдлыг ойлгуулмааргүй байна. Тэд амьдралыг үзэж, хүнтэй нөхөрлөж, хорвоогийн олон зүйлийг өөр өөрсдийн нүдээр нээн харах учиртай биш үү?
Энэ номд, гэр бүл салалтын хор уршиг, хүүхдээ хүмүүжүүлэх, хариуцлагаа үүрээгүйн гэм гэх мэт олон олон сэдэв байна. Хүүхдэд хэрхэн хүүхдээ хүмүүжүүлэх тухай заадаг үе ирдэг л юм байна. Арван жилд гэр бүл төлөвлөлт, бэлгийн харилцааны тухай агуулгаар биологийн багш л орж байснаас салалт, зовлон, гэм нүглийн тухай бүхэл бүтэн сурах бичиг үзэж байсангүй. Сурах бичиг зохиоход оролцогчид гэр бүл төлөвлөлтийн асуудлыг хүүхдэд ойлгуулах бурхан номын зам мөр гэж буруу ойлгосон бололтой. "Одоогийн хүүхдүүдэд" л зориулсан юм байна л даа. Гэвчиг шашны замаар л биш шүү. Тэд өөрсдөө юуг дагахаа сонгох учиртай.
Хүсэл мөрөөдөл, ирээдүйн тухай төсөөлөлдөө умбаж яваа хүүхдүүдийг "хадам ээжийгээ энэрхүйд, хань ижлээ, хадам ах дүүгээ дээдлэх"-д сургана гэдэг гажуудал биш юу юм бэ? Үнэндээ манай Боловсролын систем доройтлын харанхуй ёроолд унажээ.
Сурах бичгүүдээ эргэн харж, агуулгыг дахин нягталж, хүүхдийн хүсэл сонирхол, насны онцлогт тохируулан шинэчилнэ үү. Хүүхдүүд зовлонгийн үртэй, бясалгалтай, буддын сургаальтай ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрөөр дамжуулан танилцах нь зүйд нийцэх үү?
Сэтгэгдэл (2)