Багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар Боловсролын сайд П.Наранбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Энэ журам нь багшийн дутагдал, хомсдолыг нөхөх зорилготой. Өнөөдөр 4200 орчим багшийн сул орон тоо байна. Үүнээс Байгалийн ухаан болон Англи хэл хамгийн өндөр байгаа юм.
Бид зүгээр нэг гудамжинд байгаа хүнийг 45 хоногийн курсээр сургана гэсэн зүйл огт биш.
Дээр дурдсан хичээлүүд буюу хими, физик, биологи, технологи, англи хэл, математик гэсэн мэргэжлээр гадаад, дотоодын их дээд сургуулийг 2.7 буюу 80 хувиас дээш үнэлгээтэй төгссөн хүмүүсийг багшаар ажиллаач гэж урьж байгаа. Үүнийг богино хугацаанд хурдтай шийдвэрлэх хэрэгтэй байна. Энэ бол эцэг, эхэд ээлтэй шийдвэр.
Үндсэн багшийн үнэмлэх олгож буй асуудал биш. Зөвхөн багшлах эрхийг олгож байгаа.
Тухайн хүн цаашдаа 4-5 жил багшлаад үндсэн багш болъё гэвэл тусгай шаардлага тавьж эхэлнэ" гэв.