Бүх шатны боловсролын сургалтын байгууллагуудын 2024-2025 оны хичээлийн жилийн бэлтгэл, үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай удирдамжийн дагуу Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар, Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргийн нутаг дэвсгэрт шалгалт хийж байна. Энэ хүрээнд ОНӨААТҮГ Хангамжийн газар 3, ерөнхий боловсролын сургууль 26, цэцэрлэг 21 нийт 50 боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ болон мал, амьтны гаралтай хүнсний түүхий эд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт шалгалт хийж буй. Шалгалтын явцад үүсэж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор өндөгний нэг, тахианы махны нэг, хонины махны хоёр, үхрийн махны тав, аарцны нэг, сүүний хоёр, цөцгийн тосны хоёр, тарагны нэг нийт 16 хүнсний бүтээгдэхүүний дээжийг НМЭГ-ын лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил дутагдалд холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар 16 байгууллагад улсын байцаагчийн 65 заалт бүхий 17 албан шаардлагыг хугацаатай хүргүүлж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа гэж Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээллээ.