"Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглаан зохион байгуулах талаараа Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс мэдээлэл өглөө. Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Тавдугаар сарын 3-ны өдөр бол хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Өнгөрсөн жилүүдэд дэлхий нийтээр тэмдэглэж буй Юнескогийн уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Энэ жил дотоод нөхцөл байдалдаа тулгуурлан асуудлыг хөндье гэсэн МСНЭ-ийн удирдах зөвлөлийн шийдвэр гарсан.
Иймд тус өдөр "Хэвлэлийн эрх чөлөө гавлагдав" цуглааныг зохион байгуулах гэж байна. Энэхүү цуглаан бол Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй 4500 хүний эрх ашиг, нөгөө талдаа Монгол Улсын гурван сая гаруй иргэний мэдэх эрх ашгийг хамгаалах зорилготой юм.
Энэхүү цуглаанд редакцууд гарын үсэг зурж, төлөөлөө цуглаанд оролцуулахыг уриалж байна. Мөн улс төрийн намуудад, мэргэжлийн холбоодод уг санаачлагыг гаргаж байна. Өнгөрсөн хугацаанд бид өөрсдийн эрхзүйн орчныг хөсөр хаяж ирсэн байна" гэв.