Алтанбулаг хилийн боомтын бүтээн байгуулалтыг 2020 оноос эхлүүлж, одоогоор нэгдүгээр хэсэг буюу ачаа тээврийн хэсгийг ашиглалтад оруулаад байна.
Ингэснээр бүтээн байгуулалтын гүйцэтгэл 77 хувьтай болж байна. Харин тус боомтын барилгын 2-р ээлж болох зорчигчийн шалган нэвтрүүлэх цогцолборын барилгын ажил ид өрнөж, ухаалаг гарц, рентген, ариутгалын хэсэг, цацрагийн монитор, үерийн ус зайлуулах хоолой барих юм.
Алтанбулаг боомтод зорчигч, ачаа тээврийн, дэд бүтцийн гэсэн иж бүрэн инженерийн шугам сүлжээ бүхий цогцолбор барьж буй. Энэ бүтээн байгуулалтыг дуусгаснаар тус боомтын ачаа тээврийн хэсгийг 24 цагийн горимд шилжүүлэх боломж бүрдэнэ.
ОХУ, БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор болох Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг аялал жуулчлалын үе эхлэхээс өмнө бүрэн дуусгахаар ажиллаж байгааг Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээлэв.