Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Сонгууль дөхөөд УИХ-д горилогчдын хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж эхэллээ. Энэ парламентын сүүлчийн алх дуугарахаас урьтаж зарим нь ухаан жолоогүй хуулийн төсөл зүтгүүлж харагдана. Харин зарим нь бүсчилсэн тойргийн ачаар гэх үү, бачаар гэх үү бүсээ чангалаад зүтгэж гарав. Оюутан залуусын уулзалт, тэмцээн уралдаан явуулж мөнгө тараасан гэх асуудал ч дэгдэж байна.
Энэ үеэр мөнгөтэй нь мөнгөө тарааж, мөнгөгүй нь мөрөөдлөө ярьдаг нь үнэн шүү дээ. Тэгвэл одоогийн залуус хэрсүү болсныг харуулах, ирэх дөрвөн жилийн парламентад "иргэдийн төлөөлөл" гэсэн нэр дор хэн суухыг бид шийднэ. Өгч байвал авч, авсандаа "баригдаад" нэрийг нь дугуйлах өрөнд л унахгүй байхад болно гэж боддог болсон нь ч дэгс бус.
Монголчуудын "аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ" гэдэг үгийг сонгуулиар мартъя. Урвах, тэрслэх нь тийм муу хүний шинж бус шиг. Төрийг эргүүлэх хүсэл бол нийгмийг өөрчлөх эрмэлзэл гэж итгэж буй сонгогчид тэр өдрийг тэсэн ядан хүлээж байгаа нь ч гарцаагүй болов уу.
Яг энэ мөчид УИХ-ын гишүүдийн хайр энэрэл, өгөөмөр сэтгэл, өрөвч зан хөдлөөд сүйд. Арай л улаан нүднээсээ нулимс асгаруулчихгүйхэн байна. Нутаг ус, уул толгод, таньдаг нүүрээ сонгосны горыг ирээдүй цагт л амсаж барна гэдгийг бүгд мэддэг, мэдэрдэг. Ард түмнийг "мөнгө"-нд дуртай, мөнгөөр угжаад мунхруулна гэж боддог баларсан үеийнхний тортогоос салах цаг ч болсон байлтай.